УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч түүнийг сонгуулийн сурталчилгаа эд явагдаж байх үед шүүхээс албадан баривчлах тогтоол гаргаж улмаар 6 жилийн хорих ял оноосон билээ.
Ж.Эрдэнэбатыг баривчилсан үйл явц нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, сонгуульд нэр дэвшигчийг СЕХ-ний зөвшөөрөлгүй баривчилж болохгүй гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж нэг хэсэг хэл ам таталж байгаад чимээгүй болсон. Эрх баригч МАН-ын зүгээс нэр дэвшигчийнхээ эрх ашгийг хамгаалж хүчтэй дугараагүй, мэдэгдэл төдийнхөн цаас гаргаж, ганц нэг гишүүд нь хэвлэлийн хурал хийснээс өөр олигтой зүйл хийгээгүй нь үнэн. Ийнхүү Сэлэнгэчүүд өнөөдрийг хүртэл нэг төлөөлөгчөө УИХ-д тангараг өргүүлж чадахгүй явна.
Түүнчлэн тус аймагт АН-аас нэр дэвшигч С.Баярцогтод 10 жил, Д.Эрдэнэбатад 6 жилийн хорих ялыг шүүхээс оноосноор Сэлэнгэ аймагт нэр дэвшигчид үндсэндээ цэвэршиж тоглолтын талбай хоосров. Ингэж цэвэрлэгээ хийх захиалгыг хэн хаанаас өгөв гэдэг нь одоо ч сонирхолтой асуулт хэвээрээ. Харин төлөөлөл дутуу Сэлэнгэ аймгийн нэг мандатыг хэрхэх вэ гэдэг асуудлыг тодруулах шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол бүрэн эрх нь дуусгавар болсонд тооцдог. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулах зохицуулалттай юм байна. Харин Ж.Эрдэнэбатыг гишүүн байхад нь баривчилсан хэдий ч дараагийн парламенттай хамт тангараг өргөж гишүүний бүрэн эрх нь баталгаажаагүй тул гишүүний орон гарсан гэж үзэх үү, эсвэл нэр дэвших явцад гэмт хэрэгт холбогдсоноор нэр дэвшигчээс хасагдсан тооцох уу? гэдэг хуулийн маргаан одоо хэр шийдэгдээгүй байна.
Хэрвээ гишүүний орон тоо гарсан гэж үзвэл зайлшгүй нөхөн сонгууль явуулах бөгөөд Ж.Эрдэнэбатын давж заалдах болон хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэр гартал нөхөн сонгууль зарлагдахгүйд хүрнэ. Харин нэр дэвшигчээс хасагдсан гэж тооцвол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75.4-т заасны дагуу Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй гэж заасны дагуу Ж.Эрдэнэбатад өгсөн саналыг хүчингүйд тооцож дахин тоолох юм байна.
Ийм тохиолдолд түүний ард жагсаж байгаа С.Баярцогт сонгогдсонд тооцогдоно гэтэл мань эр мөн л 10 жилийн хорих ял сонсож аавынд очсон. Тэгэхээр түүний араас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяаг сонгогдсонд тооцох магадлалтай байна. Сэлэнгэ аймгийн нэг мандатыг хэрхэх талаар цаашид харж хүлээх л үлдлээ.