NTV телевизийн "Лхагвын тойм" хөтөлбөрт УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг урьж, сонгуулийн томсгосон тойргийн талаар ярилцсан ярицлагыг хүргэж байна.
-Сонгуулийн тойргийг томсгох асуудал яагаад гэнэт эрт яригдах болов. Ер нь он гаргаад яригдана гэх хүлээлт улс төрийн хүрээнд байлаа шүү дээ?
-Хуулиараа хоёрдугаар сарын 1-ний дотор энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Намрын чуулган нэгдүгээр сарын 15 гэхэд хаалтаа хийнэ. Тийм учраас энэ ондоо багтааж шийдэх чиглэл гараад, яригдаж буй асуудал.
-Хугацаа наашилсан нь ажлаа өгөөд улс төрд орох, нэр дэвших сонирхолтой хүмүүстэй холбоотой юу?
-Бид 1990 оноос хойш хоёр тойргоор яваад байсан. Эхнийх нь 76 тойрог 76 мандат бол дараагийнх нь аймаг дүүрэг нэг тойрог. Бид 2019 болон өнгөрч буй 2023 онд Үндсэн хуульд том өөрчлөлт хийсэн. Ер нь бид улс орноо бодох хэрэгтэй юм байна. Улсын бодлого ярьдаг парламент руу шилжинэ гэж ҮХНӨ-ийг хийсэн. Дээрх хоёр өөрчлөлтийг амилуулах нь чухал. Амилуулахад юу хэрэгтэй вэ гэхээр улсын хэмжээний асуудалд анхаардаг систем хэрэгтэй. Тиймээс 126 гишүүн сонгохдоо 48-ыг нь жагсаалтаар буюу улсын хэмжээнд нэг тойргоос сонгогдоно. Үлдсэн 78 гишүүнд гурван хувилбар бий. Нэгдүгээрт, 78 мандат 78 тойрог. Хоёрдугаарт, 26-30 тойрог 76 мандат бол гуравдугаарт, 10-12 тойрог 78 мандат байгаа юм.
-Сонгуульд ямар байдлаар оролцох нь сонгуулийн тухай хууль болон бусад олон зүйлээс шалтгаалдаг. Намын бүлгүүд болон улс төрийн намуудтай зөвшилцөх чиглэлийг танай бүлгээс өгсөн. Бусад намуудын хандлага ямар байна вэ?
-Манай намаас санаачлаад АН, ХҮН нам болон парламентад суудалгүй намуудтай ярьсан зүйл бий. Бидний тавьж буй санал бол эх орноо боддог том тойрог руу орох юм л даа. Ер нь бүсчилсэн тойрог нь өөрөө асар их давуу талтай. Нэгдүгээрт, УИХ бүрдлээ гэхэд зөвхөн улс, бүсийн асуудлыг ярьдаг парламент болно. Хоёрдугаарт, өмнө нь хэлсэнчлэн хоёр удаагийн ҮХНӨ-ийг амилуулах явдал яах аргагүй мөн. Гуравдугаарт, хот хөдөөгийн тэнцвэр хангагдана. Одоо нэг хотдоо 1.5 сая хүн шавсны улмаас ачааллаа дийлэхээ болиод, хүндрэлүүд нь гарч ирээд байна. Томсгосон тойрог руу орвол олон дэд болон хөгжлийн төвүүдийг бий болгох нөхцөл бүрдэж байгаа юм.
Парламентын хувьд тогтвортой, мэргэшсэн, нэр хүндтэй болж, жинхэнэ лидерүүд орж ирэх боломжтой нээгдэнэ. Мэдээж, сул тал байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал,
Одоо УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо маш сайн ажилладаг. Харин тойрог өөрчлөгдсөнөөр энэ боломж нь багасахыг үгүйсгэхгүй.
-УИХ, Засгийн газрын зүгээс улсын төсөвт орж ирж буй томоохон төслүүдээ хөдөлгөх үндсэн зарчим дээрээ байгаа шүү дээ. Заавал ийм нөхцөл байдал үүсгэх шаардлага байсан юм уу?
-Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн гээд олон сонгууль хийдэг шүү дээ. Энэ үеэр иргэд, сонгогчид “Манай дүүрэг, хороонд юу хийх гэж байна” гээд асуухаар нэр дэвшигчид амлалт өгч эхэлдэг. Амлалт нь голдуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд байдаг. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд л улсын төсөв хэлэлцэх үеэр “Энийг ч оруулъя, тэрийг ч оруулъя” гээд төсвөө тал тал тийш нь татаад, том бүтээн байгуулалт руугаа зарцуулж чадахгүй байдал руу явж байна. Харин 2024 оны төсөв харьцангуй томоохон төсөл, хөрөнгө оруулалт руу чиглэсэн. Цаашид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй л бол жижиг зүйл ярьсаар л байна.
-Ер нь тойрог томсгох санал яг хаанаас гарсан бэ?
-Манай парламентын гишүүд, бусад улстөрчдөөс л гарсан санаа. Яахав, одоо байгаа тойргоороо явж болно л доо. Шинэ залуучууд орж ирээд, 1-2 удаа сонгогдоно. Бодит байдал бахь байдгаараа л үргэлжилнэ. Энийгээ өөрчлөхгүйгээр урагшаа явахгүй. 2024-2028 он дэлхий нийтээрээ эдийн засгийн өсөлттэй байх прогнозтой байгаа. Энэ үеийг ашиглаад л эх орныхоо эрх ашгийг бодсон зүйл рүү чиглэх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л эрчим хүчний асуудал тулгамдаж байна шүү дээ. Бид эрчим хүчний хэрэглээнийхээ 13-15 хувийг ОХУ-аас авч байгаа. Цаашид өөрийн эх үүсвэрээ бий болгохгүй бол ОХУ дотоод хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрнэ.
-Том тойргийн сул талууд байна. Нийгмийн бүлэг, залуучуудын улстөрд оролцох боломж хаагдмал болж, эсрэгээрээ олны танил болон санхүүгийн чадамжтай хүмүүст давуу байдал олгох гээд байна шүү дээ?
-Пропорционал тогтолцоо нь өөрөө залуучууд болон нийгмийн бүлгүүдийг тэгш оролцуулах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мажоритар буюу томсгосон тойрог бол үндэсний хэмжээний томоохон улстөрчид өрсөлддөг чиглэл рүү явуулах гээд байгаа юм. Ямар ч байсан одоогийн тойргоор яваад нээх их том амжилт олохгүй.
-Тойргийн системээ өөрчлөөд, нэг сонгуулийн дараа үр дүнг нь харж чадахгүй. Тогтолцоог тогтвортой байх чиглэлд яах вэ?
-Пропорционал, мажоритар тогтолцоог сүүлийн 30 гаруй жил хэрэглэж буй. Тухайлбал, мажоритарыг 1992, 2008, 2012, 2020 онд, нөгөөх нь 2000, 2004, 2016 онд ашигласан. Энэ хоёр тогтолцооны аль аль нь давуу болон сул талуудтай. Гэхдээ одоо арай өөрөөр томсговол улс орны хөгжил рүү илүү анхаарсан бодлого явагдана гэх үүднээс л энэ санааг гаргаж байгаа юм.
-Тойрог томсгохоор сонгуулиар мөнгө, бэлэг тараах асуудал арилна гээд байгаа. Одоогийн хуулиар ч энэ асуудал хориотой байхад хөндөж яриад байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?
-Бүсчилсэн тойрог дээр нэр дэвшигчдээс гарах зардал нэмэгдэх юм билээ. Сонгуулийн хуулийг боловсруулахдаа том тойрог байна гэж бодоогүй учраас цаашид зарим асуудлыг нийцүүлэх шаардлага гарах байх. Сайн тал нь 300 мянган сонгогчтой тохиолдолд “царцаа”-ны нүүдэл арилна.
-Сонгуулийн дараа шинэ парламент байгуулагдахад дараагийн сонгуулийн ажил эхэлж байдаг. Монгол Улс энэ байдал руу хэзээ шилжих юм бэ?
-Энэ их төвөгтэй асуудал. Сонгуулийн хууль хөндөгдөхөөр гишүүд “Дөрвөн жил сонгогчдод бэлэг өгөхгүй, бүгдийг нь хаая” гэж ярьдаг. Яг бодит байдал дээр сумынх нь ой болох эсвэл хэн нэгэн алдартан нь хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх нь нээлттэй байх ёстой. Энийг хааж болохгүй. Тийм учраас сонгуулийн цикл буюу 6 сарын өмнө л хааж байгаа.
-Намын нэрийн жагсаалтад цөөнхийн төлөөлөл, залуучуудыг оруулна гэж байгаа. 2012 онд энэ жагсаалтыг хэрэгжүүлээд, 2-3 сонгогдсон намын лидерүүд орчихдог байсан. Та энэ удаагийн жагсаалтад орох бодол байна уу?
-Жагсаалтын ард муу нэртэй хүмүүс үлдчих вий гэсэн хүмүүсийн хардалт байдаг. Одоо бол сонгогчид өөр болж байгаа гэж бодож байна. Муу нэртэй хүнийг оруулсан нам санал авахгүй юм байна аа гэж ойлгох хэрэгтэй. Ингэж байж энэ систем илүү боловсронгуй болно. Манай намаас тойрогт, жагсаалтад хэн нэр дэвших нь тодорхойгүй болоогүй. Миний хувьд орох эсэхээ хэлэхэд эрт байна.
-Сонгуулийн хуулийг боловсруулж байхдаа том тойрог байна гэж бодоогүй гэлээ. Сүүлд авсан судалгаагаараа эрх баригчид өөрт хэрэгтэй хувилбараа түлхээд байна уу?
-Хүмүүс эрх баригчид өөрсдөдөө зориулж сонгуулийн тойргийг байгуулж байна гэх хардалт байдаг. 1990 оноос хойш эрх баригч нам нь боловсруулдаг ч өөрт нь буруу болж ирсэн. Харин энэ удаа манай нам парламентад суудалтай, суудалгүй намууд зөвшилцөж байгаад тойргоо тогтох ёстой гэдэг байр сууриар хандаж байгаа. Намын эрх ашгийн асуудал байхгүй. "Томсгосон тойрогт танигдсан хүн илүү" гэдэг. Ийм байх эсэхийг сонгогчид л шийднэ.
-Томсгосон тойрог нь бие даагчид болон жижиг намуудад хэцүү байдал үүсэхээр байна. Үүнийг та бүхэн хэрхэн бодолцож байна вэ?
-Хоёр том нам буюу цөөн намын тогтолцоо руу явахыг үгүйсгэхгүй. Бид 2019 оны ҮХНӨ-өөр “Улстөрийн намууд улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гээд заачихсан. Тийм учраас энэ системтэй нийцээд байгаа. Мэдээж, бие даагчийн хувьд хүндрэлтэй байдал гарч магадгүй. Ерөнхийдөө, парламентын сонгодог тогтолцоо руу яваад байгаа. Энэ нь өөрөө улстөрийн намыг төлөвшүүлдэг систем.
Үүнээс гадна хүмүүсийн дунд олон жил тойрог өмчлөөд, олигархи болсон гэх шүүмжлэл бий. Энэ шүүмжлэл арилна гэж үзэж байгаа.
-Томсгосон тойргийг ОУ-ын хэмжээнд хэрхэн судалсан бэ. Хэсэг хугацаанд ашиглаж байгаад орхисон улсууд байдаг юм билээ?
-Улс орнууд тойргийг янз бүрээр ашигладаг. Нэг хэсэг нь бүсчлэхийг тойрог хэлбэрээр мажоритар тогтолцоонд ашиглаж байгаа бол нөгөө хэсэг пропорционалд ашигладаг. Иргэдийн зүгээс тойрог томсгоно гэдэг дээр эсэргүүцэх нь гайгүй юм шиг байна лээ.
-Дэгийн тухай хууль боловсруулах шатандаа яваа байх. Ямар онцлог өөрчлөлтүүд орж байна. Хэзээ өргөн барьж батлахаар байна?
-Одоогийн парламент цөөн гишүүнтэй учраас гишүүн бүр асуулт асууж, үг хэлэх гээд байдаг. Олон гишүүнтэй, холимог тогтолцоотой улсад дэг нь өөр. Тийм учраас дэлхийн 20 гаруй орны дэгийг судалж байгаа юм. Энэ хүрээнд сонгодог тогтолцоотой Германы парламенттай танилцсан зүйл бий. Хууль боловсруулахдаа Герман, Японы туршлагыг илүү судалж байна.
-126 гишүүнтэй болохтой холбоотойгоор чуулганы танхимд ямар өөрчлөлт, шинэчлэлүүд байна. Төрийн ордон дахь зарим институтыг гаргах асуудал яригдаж байна лээ. Ер нь нэг дор гурван чухал институт байдаг улс байдаг юм болов уу?
-Бараг л байхгүй дээ. Яваандаа, Төрийн ордон парламентын ордон болоод үлдэнэ гэж боддог. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр өөр ордонтой болох асуудал бий. Олон жил яригдсан. Бид одоо байгаа чуулганы танхимаа бага зэрэг өргөтгөөд, ямартаа ч 126 гишүүн суух сандал ширээ, техник хэрэгслийн бэлтгэл ажлаа хангаж байгаа.
-Мажоритар систем дээр санал гээгдэх асуудал гардаг. Том тойрог дээр энэ асуудал ихсэх магадлалтай. 2008 оны 7-р сарын 1-ний эмх замбараагүй байдал энэ нөхцөл байдлаас үүссэн шүү дээ. Санал гээгдэх асуудлыг арилгах ямар зохицуулалт байна вэ?
-Бид өмнө нь 100 хувь мажоритар тогтолцоотой байсан. Сул тал нь тодорхой хэмжээгээр санал гээгддэг. Олон санал авсан нь л ялагч болдог. Нөгөө талаараа яагаад пропорционал тогтолцоог 48 хүнээр оруулж ирэв гэхээр огт санал гээгдэхгүй сайн талтай. Улстөрийн намын босгыг зургаан хувиас дөрөв болгож бууруулсан. 2.1 сая сонгогчтой учраас 80 мянган хүний санал авсан улстөрийн нам энэ босгыг давж орж ирэх боломжтой.
-Эрх баригч намын бүлгийн даргын тухайд та мэдээлэлд ойр байж, шийдэлд толгойгоо ажиллуулах хүмүүсийн нэг. Шатахуун, цахилгаантай холбоотой асуудал бол том төслүүдээ хэрэгжүүлж чадаагүйн алдаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэхээр байна?
-Ж.Ганбаатар сайд байнгын тайлбар өгөөд л байгаа. Бид ч яг адилхан мэдээлэлтэй байгаа. Сүүлийн саруудад ОХУ-ын хориг орсон учраас нөөцгүй болсон. Өмнө нь 21-30 хоногийн нөөцтэй байсныгаа дуусгачихсан. Одоо зүгээр л татан авалтаа хийгээд байгаа. АИ-92-ыг тав хоногт, ДТ-ийг 7-10 хоногт тогтворжино. Мэдээж, тээвэрлэлтэд гарсан хүндрэлүүд бий. Бид Энэтхэгийн зээлээр нефтийн үйлдвэрээ барьж буй. Уг нь 2023-2024 онд ашиглалтад орохоор төлөвлөж байсан. Цар тахлын нөхцөл байдлаас болж, хоёр жил саатсан. Энэ маань ашиглалтад орчихвол дотоодын нөөцөө тодорхой хэмжээнд хангана.
Цахилгааны асуудал ер нь хүндрэх нь ээ гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. ОХУ-ын эрчим хүчний хэрэглээ эрс өссөн. Ялангуяа, Сибирьт нэлээн хүйтэн байгаа юм билээ. Тиймээс манайд өгдөг эрчим хүчний хэмжээгээ бууруулах санал ирсэн гэсэн. Засгийн газрын хэмжээнд ярилцаж, нэг хэсэгтээ хязгаарлалт хийхгүй байхаар тогтсон.
Гэхдээ тайвширч болохгүй. Манай цахилгааны дотоод дахь дараагийн эх үүсвэр нь Багануурын болон Тавантолгойн цахилгаан станц шүү дээ. Багануурын тухайд 2017 онд эхэлсэн ч 2-3 жил ажил нь зогссон. Одоо харин ажил үргэлжлэхээр болоод байна. Ний нуугүй хэлэхэд, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор нефть, эрчим хүчний хэрэглээ өссөн. Гэхдээ үүнийг буруутгаж болохгүй. Хөгжиж байна аа л гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.