Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хатгаанаас илүү залгиур хоолойн үрэвсэл, харшлын гаралтай ХАНИАД их байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 36 секунд

Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж эмнэлгүүдийн орны ачаалал, хүлээгдлийг нэмэгддэг. Энэ жил ч мөн адил томуу, томуу төст өвчин, хатгаа өвчний тоо эрс нэмэгдэж байна гэх мэдээлэл эцэг, эхчүүдийн дунд тархсан. Мөн БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа нь иргэдийг айдаст автуулаад буй.

Дээрх асуудлаар ХӨСҮТ-ээс энэ сарын 28-ны өдөр буюу өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "Томуу, томуу төст өвчний улирал эхлэхтэй зэрэгцэж, эмнэлгийн орны хуваарилалт хийдэг. COVID-19 цар тахлын үед бид бүх эмнэлэгт шаардлагатай ор дэлгэлтүүдийг хийгээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай бүх хүнийг авч байсан. Энэ төрлийн зохицуулалтыг хийгээд явна. Одоогийн байдлаар ор дүүрсэн, ачаалал нэмэгдсэн гэх мэдээлэл алга байна" гэсэн юм.

UBN.mn сайт үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны өрхийн эмнэлэг дээр очиж бага насны хүүхэд хатгаа өвчний тархац хэр байгааг тодрууллаа.

"Хатгалгаанаас илүү залгиур хоолойн үрэвсэл, харшлын гаралтай ханиад их байна"

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны өрхийн эмнэлгийн эмч С.Энхжаргал "Жил бүрийн энэ үед томуу, томуу төст өвчний тархалт тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Энэ жилийн хувьд ачаалал харьцангуй хэвийн байна. Өдөрт 1-2 хүүхэд л хатгалгаа өвчнөөр оношлогдож байна. Өмнө жил өдөр болгон ачаалалтай үүд хүртэл дарааллаад зогсдог байсан. Хатгаанаас илүү хоолой залгиурын үрэвсэл болон харшлын гаралтай ханиадны тархалт их байна. Ялангуяа харшлын гаралтай ханиад насанд хүрэгчдийн дунд ч элбэг байна. Энэ нь агаарын бохирдол, тортог, утаатай холбоотой байх. Тиймээс иргэд дархлаагаа дэмжиж, амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулж байна" гэв.

Харин дээрх асуудлаар ЭХЭМҮТ-өөс лавлахад одоогоор эрс нэмэгдэж ачааллаа даахааргүй нөхцөл байдал огт үүсээгүй. Хэвийн байна гэдгийг хэлсэн юм.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа “Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар амбултороор үйлчлүүлсэн нийт хүний 5.4 хувь нь томуугийн шалтгаантай байна. Нийслэл Улаанбаатар хотод энэ хувь 5.8 хувьтай, аймаг орон нутгуудын дунджыг аваал үзэхэд 5.2 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 16.3 хувийн томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хүндэрсэн хүмүүс эзэлж байгаа. Улаанбаатар хотод 23 хувьтай байна. Насны бүлгийн тухайд, томуугаар өвчлөгсдийн 84 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзэхэд 90 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна” гэдгийг мэдээллийн үеэрээ хэлсэн юм.

Эцэг, эхийн төлөөлөл: Манай хүүхэд 4 настай. Хамрын ханиад хүрч халуурсан учраас өрхийн эмнэлэгтээ үзүүлж байна. Огт салж өгдөггүй ханиад байна. Хатгааны талаар одоогоор эргэн тойрны хүмүүсээс авсан мэдээлэл алга" гэв.

-Эцэг, эхийн төлөөлөл: Ханиаднаас болоод цэцэрлэгээс нь чөлөө авсан. Өрхийн эмнэлэгт үзүүлэхэд хатгаа аай болоогүй тул эм бичүүлж, зөвлөмж аваад явж байна. Өвөл болохоор утаанаас болоод хүүхэд гэлгүй бид нар ч ханиад хүрдэг шүү дээ" гэв.

Ийнхүү албаны мэдээлж буйгаар сүүлийн долоо хоног ачаалал нэмэгсэн хэдий ч өмнө жилийн энэ үетэй харицуулахад харьцангуй хэвийн байна гэлээ. Мөн эмнэлгүүдийн ачаалал ихсээгүй гэв. Харин БНХАУ-аас өнгөрсөн хавар ковидын хоригоо цуцалсантай холбогдуулан амьсгалын замын болон бусад халдварууд нэмэгдэж байгаа гэх мэдээллийг өгчээ.

-Бага насны хүүхдээ хатгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ-

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байх, дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.

Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

-Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга-

Ханиалгах, халуурах, нус гоожих, тайван бус болох, хоолонд дургүй болох, заримдаа амьсгаадах, цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ханиад шуухинаа гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал уушгины хамтгалгаа гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

-ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ-

Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах, нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх, бөөлжих, шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах, халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.

Зөвхөн хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй. Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол парацетамол, амоксициллин, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай. Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай. Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой аж.

Цасан вальс: МУУГЗ Б.Чинбат Монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлжээ
Цасан вальс: МУУГЗ Б.Чинбат Монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлжээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.