“Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллага “Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд 302 ширхэг тэргэнцэр хүлээлгэж өглөө. ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, ЕХХҮГСүмийн Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд нар “Тэргэнцэр төсөл”-ийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, тэргэнцэр хүлээлцэх акт дээр гарын үсэг зурлаа.
Нээлтийн арга хэмжээний үеэр 10 хүнд тэргэнцэр гардуулан өгсөн бөгөөд энэ үеэр ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"АНУ-аас энэхүү тэргэнцрийг нийлүүлэхдээ эхлээд судалгаа авсан. Учир нь эдгээр тэргэнцэр нь 3 төрлийн размертай. 16, 18, 20 гэх мэт хүний биед тохирсон байгаа юм. Бидэнд нэг жилийн өмнө саналаа тавьсны дагуу бид судалгаагаа авсан. Судалгаанд хамрагдсан орон нутгийн болон нийслэлийн 300 гаруй хүнд биеийн хэмжээгээр тэргэнцэр хүрэх юм.
Өнөөдөр төлөөлөл болгон 10 хүнд тэргэнцрийг нь гардуулж өглөө. Түүний дараа судалгаанд хамрагдсан иргэдтэйгээ холбогдож тэргэнцрээ гардуулан өгнө" гэв.
2012 оноос эхлэн “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагатай ХБХХЕГ хамтран ажиллаж байгаа билээ. “Тэргэнцэр төсөл”-ийг хэрэгжүүлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, тэргэнцэр засвар үйлчилгээг хийх, тэргэнцрийн зөв хэрэглээний чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
2012-2017, 2023 онуудад “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагаас нийт 1800 гаруй тэргэнцрийг монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлаад байна.