Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их хэмжээний аммонийн нитрат дэлбэрснээс үүдэж Ливаны осол болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 35 секунд

 Ливан улсын нийслэл Бейрут хотын боомт дээрх дэлбэрэлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж 135 болж, бэртсэн хүмүүсийн тоо 5,000-д хүрчээ. Мөн дэлбэрэлтээс хойш алга болсон 10 гаруй хүнийг одоо хүртэл хайж байгаа юм. Тиймээс Ливан улс даяар бүх нийтийн гашуудал зарлаад байгаа бөгөөд Бейрут хотыг гамшгийн бүс хэмээн тодорхойлж хоёр долоо хоогийн хугацаатай онцгой байдлын дэглэм зарласан байна. Тус улсын ерөнхийлөгч Мишель Аун Батлан хамгаалахын дээд зөвлөлийг зарлан хуралдуулж хохирлын зардал болох 66 сая ам.долларыг улсаас гаргаж, орон гэр, эд хөрөнгөө алдсан хүмүүст түр сууц олгохоор болжээ.

                                - Дэлбэрэлтийн шалтгаан -                                                       

 Одоогийн байдлаар тогтоогдоод байгаа дэлбэрэлтийн шалтгаан нь их хэмжээний аммонийн нитратийг буруу хадгалснаас үүдсэн байна. 2013 онд Оросоос зөөвөрлөгдөн ирсэн 2750 тонн аммонийн нитратийг олон жил турш Бейрутын боомт дээрх агуулахад аюулгүй байдлын арга хэмжээг хангалгүйгээр хадгалж байсны улмаас энэхүү дэлбэрэлт болсон ажээ. Их Британийн армийн хошууч асан, бордооны бөмбөг, тэсрэх бодисын мэргэжилтэн, устгагч Крис Хантер-ийн үзэж буйгаар тус дэлбэрэлт нь “үйлдвэрийн осол” байх магадлал хамгийн их байгааг дэлбэрэлтийн бичлэгээс дүгнэсэн байна.

 

 


Зургийн эх сурвалж: CNN


- Аммонийн нитрат гэж юу вэ? - 

 Аммонийн нитрат буюу азотын хүчлийн давсыг тэсрэх бөмбөг хийх, азотын бордоо, уул уурхайн тэсэлгээ явуулахад ашигладаг байна. Тус химийн бодисыг зохисгүй байдлаар хадгалсны улмаас Герман, Америк, Хятад гэх улсуудад мөн ийм дэлбэрэлт болж байсан ажээ. Бейрутын дэлбэрэлттэй хамгийн төстэй жишээ нь 1947 онд АНУ, Техас мужид болсон дэлбэрэлт бөгөөд 2087 тонн аммонийн нитрат дэлбэрч 400 гаруй хүн нас барж, 1000 гаруй барилга, байгууламж сүйдэж байжээ.

  •  1995 оны Оклахома хотод болсон бөмбөгдөлт,
  •  2002 оны Индонезийн Балид болсон бөмбөгдөлт,
  •  2011 онд Норвегийн террорист Андерс Беринг Брейвикийн үйлдсэн бөмбөгдөлтөд тус, тус   аммонийн нитратийг ашиглан тэсрэх бөмбөг хийж байсан.  

 “Аммонийн нитрат нь хүчтэй исэлдүүлэгч хэдий ч энгийн үедээ аюулгүй. Харин газрын тос эсвэл органик материалтай холилдсон үедээ маш аюултай. Мөн их хэмжээний халалт үүсвэл гамшгийн үр дагаварт хүргэдэг.” хэмээн Вейлсийн Химийн Их Сургуулийн Профессор Рожер.В.Рид хэлжээ.


Зургийн эх сурвалж: RABZTHECOPTER


- Хэд, хэдэн удаагийн анхааруулга -   

 Тус аюултай ачааг 7 жилийн хугацаанд хадгалах явцад үүнийг аюултай хэмээн хүмүүст анхааруулгийг өгч байсан ч ямар нэгэн арга хэмжээг авч байгаагүй ажээ.

 Ливан улсын Гаалийн дарга Бадри Даеэр: Уг ачаа яг үнэндээ Ливанд биш Мозамбикд очих ёстой байсан боловч Бейрутын боомт дээр ирсэн. Гэвч боомтын захиргаа ийм төрлийн  химийн бодис буулгахыг зөвшөөрчихсөн. Энэ нь нэгэн төрлийн “тэсрэх бөмбөг” байна хэмээн олон удаа анхааруулсан ч зөөвөрлөгдөн ирсэн ачааг боомтоос дахиж хөдөлгөөгүй. Ачааг шилжүүлэх талаар нийт 6 удаагийн захидал илгээсэн боловч эрх баригчдаас нэг ч удаа хариу өгч байгаагүй.

 Гаалийн дарга асан Чафик Меригийн 2016 онд шүүхэд бичсэн захидал: “Тус хадгалагдаж буй зүйл нь шаардлага хангаагүй нөхцөлд байснаараа маш их аюулыг дагуулах боломжтой тул боомт болон боомтын аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү ачааг экспортлох хүсэлтээ дахин илэрхийлж байна.”

 Бейрут боомтын захирал Хасан Крайтем: “Бид тус ачааг аюултай болохыг мэдэж байсан ч шүүхийн шийдвэрийн улмаас ачааг хүлээн авч боомтын 12-р агуулахад хадгалсан. Би ч мөн Гааль болон Улсын аюулгүй байдлын албатай хамтран ачааг устгалд оруулах эсвэл дахин экспортлох хүсэлтийг явуулж байсан ч өдийг хүртэл шийдвэрлэгдэлгүй байсаар ийм үр дүнд хүрлээ” , “Дэлбэрэлт болохоос хэдхэн цагийн өмнө бид агуулахын хаалгыг янзлах ажлын зөвшөөрлийг Улсын Аюулгүй Байдлын Албанаас авсны дараа бид ажлаа эхлүүлсэн. Гэвч үдээс хойш яг юу болоод өнгөрсөн талаар надад мэдэх юм алга.”  


Зургийн эх сурвалж: AL ARABIYA

 
Б.Ууганбаяр: Энэ сарын 10,11-нд Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна
Б.Ууганбаяр: Энэ сарын 10,11-нд Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна
 
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох барилгын ажил 2025 онд эхэлнэ
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох барилгын ажил 2025 онд эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.