Өчигдөр буюу мягмар гарагт Ойрхи Дорнодын Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болж, 78 хүн амь эрсдэж, 3,700 хүн шархадсан байна. Дараалсан хоёр дэлбэрэлтийн сүүлийнх нь илүү хүчтэй явагдсан бөгөөд агаарт улбар шар өнгийн асар том үүл үүсжээ.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхой бус ч, цааш хохирлын хэмжээ нэмэгдэх нь тодорхой байгаа аж.
Дэлбэрэлт болсон газрын эрэг хавийн газрууд хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна. Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд ч мэдрэгджээ.
Нутгийн оршин суугчид дэлбэрэлтийг атомын бөмбөгтэй зүйрлэж байгаа аж.
Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.
Видео:
Дэлбэрэлттэй холбоотой улс орнуудын мэдэгдлүүд:
- Дээр дурьдсанчлан дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ч боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдэгдсэн байна.
- Харин тус улстай таарамжгүй харилцаатай байдаг Израйл улсын зүгээс "Бид дэлбэрэлтэд ямар ч хамаагүй" гэж мэдэгдсэн байна.
- АНУ-ын Цагаан ордноос: "Уг асуудлыг нухацтай авч үзэж байна" хэмээн мэдэгджээ.
- Тэгвэл Иран улсын зүгээс "Ливанд бүхий л чадлаараа тусална" гэдгээ илэрхийлсэн байна.
- Харин Ливан улсын Хезболла бүлэглэлээс "Манай зэвсгийн агуулах дэлбэрээгүй" гэжээ.
Эх сурвалж: AFP