ЦЕГ-аас ойрын өдрүүдэд болсон анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 6 дугаар давхарт гал гарч, 23 настай иргэн Б цонхоор үсэрч, түүний ээж 46 настай Н гэртээ хүлүүлсэн байдалтай тус тус нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл зарим хэвлэлээр талийгаач 23 настай иргэн Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн ээжийгээ хүлж, хөнөөчихөөд гал тавин өөрөө цонхоор үсэрсэн гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
Хэргийн үзлэгээр үнэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эсэх нарийн зүйлүүд нь тогтоогдоно. Нас барсан 46 настай эмэгтэйн тухайд гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Гэвч хэрэг эцэслэн шалгагдаж дуусаагүй, нарийн шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байхад урьдчилан худал, ташаа мэдээлэл тарааж болохгүй. Хэрэг шалгалтын анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал хэрэг шалгагдах явцад хэрхэн өөрчлөгдөхийг бид урьдчилан хэлэх боломжгүй. Тиймээс шалгаж дууссаны дараа бид шаардлагатай гэж үзвэл олон нийтэд мэдээлнэ.” гэлээ.
Мөн тэрээр талийгаач Реппер Orice-ийн хэргийн тухайд:
“Цагдаагийн байгууллагаас талийгаач М.Алтан-Оргил 5 хүнд зодуулж, цонхоор шидүүлсэн гэх буруу ташаа мэдээлэл гарсан учраас л тайлбар, залруулга хийсэн. Хохирогчийн ар гэрийнхнийх нь мэдээллийг үзсэн, тэдний яриад буй нотлох баримт гэх гар утас болон цагдаад өгсөн өргөдлийг шалгаж байгаа. Талийгаачийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн асуудлаар холбогдогч этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна” гэлээ.