ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар тус яам болон ХӨСҮТ-өөс Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр буюу наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийтдээ 611 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Үүнд, долдугаар сарын 15-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, мөн 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд ажиллаж буй 35 эмч, ажилчны шинжилгээ, эдгэрээд гарсан, сувилалын ажиглалт, тандалтад байгаа 7 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаад байсан 3 хүний шинжилгээ, мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ тус тус багтсан бөгөөд дээр дурьдсанчлан бүгдэд нь коронавирус илрээгүй." гэлээ.