Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан тэргүүтэй 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

Энэ удаагийн парламент бол өнгөрсөн гучин жилийн хугацаанд хамгийн олон гишүүн нь яллагдагч, сэжигтэн бөгөөд хэрэгт шалгагдаж буй гэдгээрээ онцгойрч яваа. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэрэг прокуророос өнгөрсөн баасан гарагт шүүх рүү шилжих нь тэр.

Түүний өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хэргийг Т.Бадамжунайгийн хэргээс тусгаарлаж байгаад бусад хэргүүдтэй нь нэгтгэн шалгаж эхэлсэн. Мөн нүүрсний хэрэгт шалгагдаж буй гишүүдийн асуудал хэзээ мөдгүй “дэлбэрэхэд” бэлэн байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар ойрын хугацаанд УИХ-ын 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдахаар бэлтгэгдэж буй аж. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдээс олноороо хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан тул Ардын намынхан ирэх сонгуулиас өмнө асуудалд холбогдсон гишүүдээ явуулахаар шийдсэн аж. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирэх газар нь прокурорын байгууллага билээ.

Харин хэн хэний нэрс прокуророос УИХ-д орж ирэх нь сонирхолтой сэдэв байх болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэн түрүүнд хэрэг нь шүүх рүү шилжээд буй Б.Энх-Амгалан гишүүний нэр байх бололтой. Түүний араас саяхан олон нийтийг бужигнуулаад амжсан үйл явдлын эздээс орж ирнэ гэх мэдээлэл байна. Мэдээж Ц.Анандбазар гишүүний нэр ч бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүмүүсийн дунд байх магадлал өндөр бөгөөд өнгөрсөн өвөл нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээс зарим нэг нь бүрэн эрхээ яриулах ажээ.

Тэгвэл нэгэнт гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг ярьж буй бол улс төр талаасаа цувруулж оруулж ирэхгүй байх. Хэрвээ цувруулж оруулж ирвэл энэ парламентын үлдсэн хугацаанд сөргөөр нөлөөлнө. Ойр ойрхон гишүүдээ түдгэлзүүлэх асуудал хэлэлцээд байвал олон нийтийн үнэлэмж унах нь ойлгомжтой. Нөгөө талаасаа авлига, албан тушаалын хэрэг, хулгайтай тэмцэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй нам, Засгийн газар ирэх сонгуульд ийм олон яллагдагчтайгаар орох нь эрсдэлтэй. Авлигатай цөхрөлтгүй тэмцсэн гэж хэлэх гэтэл өнгөрсөн хугацаанд намаас нь сонгогдсон гишүүд үй олноороо яллагдагч болчихсон байх шударга ёсонд нийцэхгүй.

Ямартаа ч ойрын хугацаанд 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирэх бололтой.

Түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно
Түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.