Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын даргын өөрийгөө тодруулсан ХӨНДЛӨН улс төр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 18 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Ирэх жилийн төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу хамгийн чухал хэлэлцүүлгээ өчигдөр УИХ хийж, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр төсөв батлагдах үйл явц шуударч, УИХ-ын даргын гаргасан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санаачилга ирэхийн жилийн төсөвт лав тусахгүй гэдэг нь ойлгомжтой болов. Нэгэнт өөрийг нь дэмжээгүйд бухимдсан УИХ-ын дарга өчигдөр Төсвийн хуулийг хэлэлцэж байхад хууль зөрчсөн тул би хурал удирдахгүй гээд гарч одсоноор уг үйл явц өндөрлөж байна. Нэгэнт парламентынхаа төсөв баталж буй үйл явцыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул УИХ-ын дарга төсвийн дараагийн шатны хэлэлцүүлгүүдийг даргалахгүй биз.

НЭГ, НӨАТ-ыг намынхан нь дэмжихгүй гэдэг нь тодорхой байсан

УИХ-ын даргын НӨАТ-ын буцаан олголтыг нэмье гэдэг санаачилга эрчийг авч сүүлдээ татвар болгоныг буулгах, ядаж НДШ-ийн хувь хэмжээг бууруулъя гэдэг санаачилга болж иргэдээс 100 мянган саналын дэмжлэгийг хүртэл авав. Өөрөөр хэлбэл, намрын чуулганы хамгийн анхаарал татсан улс төрийг УИХ-ын дарга өдөөж орхив. 100 мянган иргэний саналыг зургаахан хоногт цуглуулсан НӨАТ-ын асуудлыг эрх баригчид эсэргүүцсээр байгаад царцааж орхилоо. Ийм үйл явц болно гэдгээ ч УИХ-ын дарга тооцож энэ акцаа эхлүүлсэн биз. Мэдээж иргэдийнхээ хүсэлтийг, саналыг УИХ дэмжээд хуулиа өөрчлөөд буцаан олголтоо нэмчихвэл УИХ-ын даргад л сайн. Хэрэв одоогийнх шигээ гүлдийж байгаад 100 мянга давсан иргэний саналыг үл тоовол Г.Занданшатар даргад бүр ч илүү ашигтай. Учир нь энэ акцыг эхлүүлсэн зорилго нь өөрийгөө ямар хэмжээнд байгаагаа, улс төр хийвэл яаж хийхээ харуулахыг зорьсон нь гарцаагүй. Энэ хэрээр иргэдээс авах түүний дэмжлэг өслөө. Түүнийг намын жагсаалтад оруулахгүй гэх бодлогыг залуу дарга нар нь бариад эхэлсэн гэдгээ ил далдаар цухалзуулсаар л байгаа. МАН доторх эрх мэдлийн хуваарилалтыг сүүлийн үед ярихад түүн дээр намынхан нь бараг л төвлөрөхгүй шахуу байж ирсэн. Тэгвэл иргэдийн дэмжлэгийг хэрхэн авч чадахаа, улс төрийг ингэж хийнэ шүү гэдгээ харуулсан үйлдэл гэж харахаар байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын асуудлыг хөндсөн түүний үйлдэл цаанаа улс төрийн агуулгатай тоглолт байлаа. Аль ч тохиолдолд тэр оноо зулгаасан.

ХОЁР, УИХ-ын даргаа ойрын хүрээнийхэн нь хүртэл мурив

УИХ-ын дарга НӨАТ-тай холбоотой санаачилга гаргасныхаа хариуд өнгөрсөн хугацаанд өөрийгөө болон өөрийг нь тойрч ирсэн нөхдүүдтэй үл ойлголцоод дууслаа. Түүний санаачилгыг хамгийн ихээр эсэргүүцсэн хүмүүсийн жагсаалтыг түүний хамгийн сайн анд нөхөр Болдын Жавхлан тэргүүлэх нь тэр. Энэ хоёр хүн цагтаа "нэг тэрэгэнд эргэлдэж ирсэн дугуйнууд". Сангийн сайд хүн мэдээж оруулж ирсэн төсвөө хамгаалах нь зөв. Тогтворгүй байдал авч ирэх бол мэдээж бодлогын хүрээнд эсэргүүцэх нь ч зөв. Гэхдээ энэ хоёр хүн ямар ч асуудлыг эвийн замаар шийдэх боломжтой хэмжээний харилцаатай хүмүүс. Гэвч эцсийн мөчид Б.Жавхлан сайд нөгөө талд гарч хатуу ширүүн улс төрийн тоглолт хийлээ. Түүний араас УИХ-д мөнгөний авдар дээр суугаагүй ч эдийн засгийг том зургаар нь толгойлж буй Ч.Хүрэлбаатар сайд УИХ-ын даргыг жадлан эсэргүүцэв. Эсэргүүцэх, эсэргүүцэхдээ "Женкогийн явуулга" хэмээн эсэргүүцсэн сурагтай. Санхүү, эдийн засгийн гол хоёр хүн эсрэг байр суурьтай болчихоор бусад гишүүд бүгд л тэднийг дагах нь ойлгомжтой. Өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн Г.Ганболд ирэх жилийн төсөвт гурван тэрбумын тойргийн хөрөнгө оруулалтын санал өгчихөөд УИХ-ын гишүүд төсөв дээр дуугүй явсан талаараа чуулган дээр санаатай, санамсаргүй ам алдах нь тэр.

Дараагийн хүн бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн. Өнгөрсөн хугацаанд Д.Тогтохсүрэн бол УИХ-ын даргатай хамгийн их ойлголцож ирсэн хүн. Гэвч УИХ-ын даргын гаргасан санаачилгыг тас эсэргүүцэх ажилд оройлон оролцож, бүлгээ түүний эсрэг зангидаж орхисон. Тэр байтугай "D-Parliament дээр иргэдээс санал авч татвар, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар журмыг нь өөрчилнө" гэж мэдэгдэв.

Ийнхүү УИХ-ын дарга саарал ордонд ганцаардаж, НӨАТ-ын санаачилга нь өндөрлөв. Гэхдээ одоо хууль болгож батлаад хэрэгжиж эхлэх хугацааг нь тогтоох сүүлийн гарц бий. Уг нь бол иргэдийн саналыг хууль болгож оруулж ирээд батлах эсэх нь гишүүдийн л бүрэн эрхийн асуудал. Харин Ерөнхий сайд бол ил ч, далд ч энэ асуудал дээр дундыг баримталж, танхимын "эсэргүүнүүддээ" асуудлыг даатгаж үлдээв.

ГУРАВ, Ардын намынхан 200 мянган ард иргэдээ сонсдоггүй хэмээх "ял"

УИХ-ын даргын хийсэн энэ улс төр намдаа тун ч их хортой тусна. Иргэдийн хувьд бол мэдээж түүний гаргасан санаачилга таалагдсан нь ойлгомжтой. Мөн татварын хувь хэмжээг бууруулж болдог, цаашлаад төсөвт байгаа үргүй зардлыг бууруулъя гэдэг агуулгыг нийгэмд ойлгуулснаараа ашигтай үйлдэл юм. Тиймээс НДШ-ийг бууруулах гэх зэрэг саналууд түүний саналын араас гарч олон нийтээс дэмжлэг авч байлаа. Саналаа өгсөн 200 мянган иргэн яг одоо реакци үзүүлэхгүй ч гэсэн нийгмийг бухимдуулсан асуудал үүсэхэд талбай дээр "УИХ иргэдээ сонсдоггүй" гээд гараад ирэхэд УИХ, эрх баригчид өөрсдөө эвгүй байдалд орох нь гарцаагүй. Ялангуяа НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхээр санал өгсөн 100 мянган иргэдийг 80 хувь нь залуучууд гэдгийг МАН-ынхан орой руугаа ортол санаж, бодох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, НӨАТ, НДШ гэсэн хоёр том асуудалд анхаарал хандуулсан 200 мянган иргэнийхээ саналыг МАН-ынхан үл тоож төсвөө батлуулж байна гэсэн үг. Дээр дурдсанчлан хоёрдугаар хэлэлцүүлэг нэгэнт дууссан тул одоо төсөвт энэ төрлийн санал орох ямар ч орон зай байхгүй.

Дээр нь Ардын намын толгойд өрнөж буй гурвалжин, дөрвөлжин битүү зодооны үед УИХ-ын даргын хийсэн энэ хөндлөн улс төр хэрхэн нөлөөлөх вэ гэдэг л хамгийн чухал байна. Хэдийгээр наанаа нам жим байгаа ч Ардын намын эрх мэдлийн жолоонд хэн илүү жин дарах вэ гэдэг арсалдаан саарал ордны хоёр жигүүрт битүүхэн өрнөсөөр юу юугүй нэгнийхээ хамраас цус гаргах дээрээ тулчихаад буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын улс төр цаанаа л учир, тооцоотой нүүдэл болж өнгөрлөө. Гэхдээ энэ улс төр бол МАН-д өрнөх үйл явцын дөнгөж эхлэл төдий л зүйл юм.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.