Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ынхан орон нутгийн сонгуульд аймаг, нийслэлээс зугтаж, “сүлжээгээ” ашиглаж сум, дүүргээ авах гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 2 секунд
Гэрэл зургийг MPA.MN

Хотын даргын шуугиан дагуулсан хуулийн төслийн хажуугаар эрх баригчид чоно борооноор гэгчээр орон нутгийн хуулийн төслийн талаар албан ёсоор өнгөрсөн даваа гарагт ам ангайсан. МАН-ын бүлгийн хурлын дараагаар бүлгийн дарга болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар орон нутгийн сонгуулийн хуулийг ирэх сардаа багтаж өөрчлөхөөр бэлтгэж буй талаараа мэдээлсэн.

Ирэх жил хоёр том сонгуультай. УИХ-ын сонгуульд ашиглах “тоглоомын дүрэм”-ийг өнгөрсөн зун УИХ-аар бичсэн. Одоо тэгвэл эрх баригчид орон нутгийн сонгуулийн хуулийг өөрт ашигтай байдлаар өөрчилж, бичихээр бэлдэж эхэлсэн нь энэ. Тодруулбал, Э.Бат-Амгалан гишүүний танилцуулсан агуулга дотроос хоёр анхаарал татах хэсэг байгаа юм.

Эхний нь орон нутгийн сонгуулийн хуульд хийх хамгийн гол өөрчлөлт гэж ойлгоход болно. Тодруулбал, аймаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг иргэд сонгохгүй байх хувилбарыг МАН-ынхан санаачилжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулиар сонгогчид зөвхөн сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг л сонгоно. Эндээс сонгогдсон сум, дүүргийн төлөөлөгчид хурлаа хийж дотроосоо өөрийн сум, дүүрэгт оногдох аймаг, нийслэлийн иргэдийн хурлын квотод авсан саналынхаа дагуу их үлдэгдлийн зарчмаар төлөөлөгчдөө томилж явуулах гэнэ. Жишээ нь Баянзүрх дүүргийн ИТХ 43 төлөөлөгчтэй. Одоо хэрэгжиж орон нутгийн сонгуулийн хуулиараа БЗД-ээс НИТХ-д 10 төлөөлөгч сонгогдох мандаттай. Эдгээр 43 төлөөлөгчөөс Ардын нам 25 суудал, Ардчилсан нам 16 суудал, үлдсэн хоёр суудлыг нь бие даагч, эсвэл ХҮН нам авсан гэж бодвол НИТХ-д Баянзүрх дүүргийг төлөөлж Ардын намаас 6 төлөөлөгч, АН-аас 4 төлөөлөгч л сууна гэсэн үг юм. Хэн суухыг нь Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийднэ. Харин дүүрэгт ахиухан суудал авч чадаагүй жижиг намууд болон бие даагчид НИТХ-д суудал авна гэдэг үлгэр болох аж.

Өөрөөр хэлбэл, орон нутагт МАН-ынхан аль болох тойргийг жижиглэх тактик барьж байна гэсэн үг. Гишүүд дэмжигчид буюу хөл сайтай намуудад л энэ хувилбарын сонгуулийн хууль ашигтай тусна. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиудыг ажиглахад МАН-ынхан сум, дүүргийн орон нутгийн сонгуульд харьцангуй амжилттай оролцдог. Жишээлбэл, өнгөрсөн 2020 онд Хөвсгөл аймгийн ИТХ-д Ардчилсан намынхан олонх болсон. Гэвч тус аймгийн 23 сумын 9 суманд нь Ардын нам ялсан байх жишээтэй. Үлдсэн 14 сумын дүнг харвал АН-ынхан тийм ч хол тасархай ялаагүй болохыг анзаарч болно. Энэ нөхцөл байдал Архангай аймагт мөн адил давтагдсан. АН-ынхан Архангайн ИТХ-д олонх болсон ч ялалт байгуулсан сум нь Ардын намаас ердөө гурваар илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл, ялагдсан газрынхаа жижиг тойрог болох сум, дүүрэгт МАН-ынхан үеийн үед байрлалын давуу талтай байсаар иржээ. Ялсан аймгийнхаа сумдад өнгөрсөн хоёр сонгуулиар ёстой л хаан, заан шиг ялалт байгуулсан байх жишээтэй. Тиймээс аймагт нь ялсан хэдий ч Ардчилсан намынхан сумдынх нь олонхыг арай ядаж хайрцаглаж чадсан гэсэн үг.

Дээр нь нэмээд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цар тахал, ногоон автобусны хэрэг, авлига, тендер, нүүрсний хулгай гээд МАН-тай холбоотой асуудал тасраагүй. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн энэ цаг үед эрх баригчид нийслэл болон аймгуудад бусад намуудтай шууд тулахаас жийрхэж байна. Тиймээс л сонгуулиа жижиглэж байгаад аймаг, нийслэлээ авахаар зэхэж буй нь энэ юм. 2020 оны сонгуулиар ХҮН намынхан хүлээлтээс давж НИТХ-д гурван суудал авсан. Дөрвөн жилийн турш ажиллагаатай байж ирсэн тэд ирэх сонгуульд өмнөхөөсөө ч хүчтэй орох магадлалтай байгаа зэргээс хамаарч МАН-ынхан сонгуулиа жижиглэхийг хүссэн аж.

Мөн зардал бууруулах, мөнгөний сонгуулийг болиулах гэсэн уран гоё лоозон дор бусад намын төлөөллүүдийг өөрсдийгөө таниулах, иргэдийн саналыг татах боломжийг хаах зорилго тээж байна. Үүнийгээ тэд сонгуулийн сурталчилгааны хугацааг илтэд багасгах, тараах материал болон сонин сэтгүүлийн хуудсыг багасгах, самбарын тоог цөөлөх зэргээр хийх бололтой.

Ямартаа ч эрх баригчид орон нутгийн сонгуулийн “тоглоомын дүрэм”-ээ зөвхөн өөртөө ашигтай байдлаар боловсруулахаар бэлтгэж эхэлснээ танилцууллаа. Хэрэв санаж буй бол уг асуудлын сууриа МАН-ынхан өнгөрсөн хавраас хойш л тавьж ирсэн түүхтэй. Энэ талаар хамгийн идэвхтэй дуугарч, үйл хөдлөл хийж явсан хүн бол Хан-Уулын Засаг дарга Ж.Алдаржавхлан билээ. Тиймээс орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг боловсруулж батлах хүртэл аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг иргэд сонгохгүй байх гэсэн уг агуулгыг дэмжих эсэхээ дахин нэг тунгааж, Үндсэн хуулиар олгогдсон шууд сонгох, сонгогдох эрхээ эргэж нэг санах нь зүйтэй.

Г.Лхагвадорж

Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан “Б”-г хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна
Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан “Б”-г хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.