Цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоом тоглосон тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан.
Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллаж байсан “Б” нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 10 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 тоглоомын 4107 хууль бус веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сүүлийн нэг сарын хугацаанд нийт хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2146 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна" гэлээ.