Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Ирэх оны төсвийн төслийг харьцангуй “эрүүл“ төсөв гэж харж байгаа

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
11 минут 16 секунд

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хэлэлцүүлгүүд энэ долоо хоногоос эхэлнэ. Тэгвэл 2024 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийн төсөлтэй хэр сайн танилцаж амжив. Бусад онуудад өргөн барьсан төсвийн төсөлтэй харьцуулахад хэр төсөв болсон гэж та дүгнэж байна вэ?

-Танилцсан. Харьцангуй "эрүүл" төсөв гэж харж байна. Төсвийн алдагдлыг 2.8 хувьтай өргөн барьсан. 2.8 хувь гэдэг нь бусад улс орнуудтай харьцангуй боломжийн үзүүлэлт. Жишээлбэл, БНХАУ-ын төсөв 7.2 хувь, АНУ-ын төсөв 8.2, Японы төсөв 5.6 хувийн алдагдалтай байна. Харин манай улстай ижил эдийн засагтай, хөгжиж буй улсуудын төсвийн алдагдал нь 6.9 хувьтай байгаа юм. Энэ утгаараа төсвийн алдагдал 2.8 хувь гэдэг нь тун боломжийн үзүүлэлт. Түүнчлэн ирэх оны төсвийн төслийн үндсэн бодлого нь хот, хөдөөгийн сэргэлтэд чиглэгдэхээр орж ирж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын 79 хувь нь хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд байгаа нь сайшаалтай. Тухайлбал, мянганы зам төслийн хүрээнд 21 аймгаа автозамаар холбосон. Хамгийн сүүлд Завхан аймаг холбогдсон шүү дээ. Мянганы замын хоёр дахь төсөл яригдаж байгаа бөгөөд аймгуудыг хооронд нь дугуй цагираг замаар холбох асуудал юм. Энэ нь бүсчилсэн хөгжилд маш дэм болно.

Мөн монголчууд гадаад улс оронд очиж эмчлүүлэхэд 300 орчим сая ам.долларыг зарцуулж байна. 160 тэрбум төгрөгөөр эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийг барихаар төсөвт тусгасан. Энэ төрлийн эмчилгээг манай улс одоогоор хараахан бүрэн төгс хийж чадахгүй байгаа. Энэ утгаараа дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаж, эх орондоо үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгох асуудал яригдаж байгаа юм.

-Төсвийн зардлыг 5.1 их наядаар нэмэгдүүлснийг сонгуулийн жилд зориулсан төсөв хэмээн харж шүүмжлэх хүмүүс их байна?

-Шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ тоон дээр л үндэслэж ярих нь зөв. Өмнө хэлсэнчлэн төсвийн алдагдлыг 2.8 хувьтай байхаар оруулж ирсэн нь бусад улс орны алдагдалтай харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт. Хоёрдугаарт, манай улсын ДНБ тэлж байгаа. Энэ жил 6, ирэх жил 7 хувиар өсөх хүлээлт байна. Тэгэхээр ирэх жилд ДНБ 74 их наяд болно гэсэн үг. Энэ хэрээрээ төсөв тэлнэ.

-Төсөвт тусгагдсан ихэнх төсөл хөтөлбөрүүд нь эдийн засгийн гэхээсээ илүү нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүд байдаг нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхэд төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй байна уу?

-Үр дүнгээ л харсан нь чухал. 2022, 2023 оны төсөв боомтын сэргэлтэд чиглэгдсэн. Үр дүнг нь бид шууд амсаж байна. Тодруулбал, манай улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарсан. Урсгал данс 300 сая ам.долларын ашигтай гарсан. 1998 оноос хойш урсгал данс анх удаа ашигтай гарч буй нь энэ. Худалдааны тэнцэл 1.8 их наядын ашигтай гарсан. Өнгөрсөн жилийн дундуур Монголбанкны албан нөөц 2.6 тэрбум ам.долларт хүрч унасан байсан бол өнөөдрийн байдлаар 4.1 тэрбум долларт хүрлээ. Үүний дүнд ханшны эрсдлээс болон дефолтоос бүрэн өөрсдийгөө хамгаалж чадсан гэж хэлж болно. Ханш зах зээлийн зарчмаараа явж байгаа. Гэхдээ гадаад улс оронд ялангуяа АНУ-ын Төвбанк долларын өгөөж нь түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрч, бодлогын хүү нь 5.5 хувьтай байгаа. Энэ бүгдээс харахад, бүх дэлхийд долларын ханш өссөн үзүүлэлт л дээ.

-Монголбанк бодлогын хэрэгслээ нэмж ажиллах нь зүйтэй-

-Монголбанкнаас өргөн барьсан төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж, байнгын хороо руу шилжүүлээд байгаа. Ер нь ирэх оны төсөв мөнгөний бодлого хооронд хэр уялдаж чадсан гэж харж байна?

-Мөнгөний бодлого болон төсвийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн гол парометрийг барьдаг. Эрэлт нийлүүлэлтийн балансаар манай Монгол Улсын ДНБ, инфляци, үнийн өсөлт зэрэг нь энэхүү бодлогуудаас хамаарч хүлээлт үүсгэдэг. Тиймээс төсөв болон мөнгөний бодлого заавал уялдаатай байх ёстой. Ялангуяа монгол шиг жижиг, уул уурхайгаас бүрэн хараат эдийн засагтай улсын тухайд зайлшгүй уялдах ёстой. Тухайлбал, мөнгөний бодлогоор инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгахаар оруулж ирсэн. Үүний хэрэгжүүлэлт нь Засгийн газартай шууд хамааралтай. Ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүний хувьд. Хамгийн сүүлд манай улсын эдийн засаг 10 хувьтай гарсан. Үүний 50 хувь нь дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээс шалтгаалсан байгаа юм. Энэ бүхэнд Засгийн газар эдийн засгийн зөв механизм олж, эрэлт нийлүүлэлтийг тааруулах нь зөв. Тухайлбал, жил бүр л манайд махны үнэ өсдөг. Нийлүүлэлтийн чанараас л үүдэж үнэ өссөн байдаг. Тэгсэн мөртлөө бид 70 сая малтай. Тэгэхээр нийлүүлэлтийн хувьд нөөцийн махны систем нь ажиллахгүй байгааг харуулж байна. Тиймээс бодит амьдрал дээр үйлчилдэг механизм хэрэгтэй. Ингэхдээ нийлүүлэлтийг заавал нэг газраас гэх үү аль эсвэл бүсчилсэн нийлүүлэлтийн ХАБ-уудыг байгуулж махаа хангах уу зэрэг асуудал яригдаж таарна. Мөн ченжийн систем гэж их яриад байгаа. Үүнийг болиулж, Засгийн газраас шууд өөрсдийн оролцоотой худалдан авч, нийлүүлэлтийг нь зөв гаргах схемүүд байж болно гэж бодож байгаа.

-Мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад Монголбанк ирэх онд гадаадын банкийг дотоодод оруулж ирэх чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ хэмээн ярьж байсан?

-УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг нь батлаад өгсөн. Одоо Монголбанк нэлээн идэвхтэй ажиллаж, олон улсын санхүүгийн байгууллагуудтай харьцаж Монголд бизнес эрхлэх саналыг тавих ёстой. Ялангуяа Оюутолгой, Рио Тинтотой харьцдаг гадаадын банкуудыг дотоодод салбар нээж ажиллуулах ёстой гэж бодож байна. Энэ жилийн мөнгөний бодлого дээр нэг зүйлийг нэмвэл зүгээр гэж бодсон. Бодлогын хэрэгслээ нэмж ажиллах нь зүйтэй байх. Яагаад гэвэл 2012 оноос хойш хүүгийн коридор үүсгэснээс хойш Төвбанкны бодлогын хэрэгсэл нь шинэчлэгдээгүй. Бусад Төвбанкууд бодлогын хэрэгслүүд нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанк ч нэвтрүүлсэн нь зөв гэж харж байгаа юм.

-Төсвийн төсөл дээр анхаарах ёстой зүйл юу байв?

-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлсэн. Энэхүү бодлогоо дэмжсэн төслийг боловсруулсан нь зөв. Үүн дээр ч төвлөрч ажиллах болов уу гэж харж байгаа. Яагаад гэвэл бид үр дүнг нь шууд харах болохоор тэр. Боомтын сэргэлт маш зөв явсан. Мөн аж үйлдвэрийн сэргэлтийг хийж байна. Үр дүн нь одоогоор гараагүй ч 2-3 жилийн дараагаас гараад эхэлнэ. Хамгийн наад захын жишээ нь нефть боловсруулах үйлдвэр байна шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд энэ чиглэлд ОХУ-аас 100 хувь хараат байна. Тэгсэн мөртлөө газрын тос экспортлогч орон. Тэгэхээр 2026 онд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотооддоо бензинээ үйлдвэрлэх боломжтой болж гадаад зах зээлээс хараат бус болно.

-Ипотекийн зээлийн 6 хувьд хамрагдаж чадахгүй байгаа иргэд цаг хугацааны бодлогын золиос болж байна-

-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт орж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар шийдвэрлэхдээ 2020 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө олгогдсон зээлийн хүүнд өөрчлөлт орохгүй байхаар тусгагдсан. Таны хувьд тухайн иргэдийн зээлийг ч 6 хувьд багтаах ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа?

-Шударга зүйл л яригдаад байгаа юм. Яагаад 2018, 2019 онд зээл авсан хүмүүс 8 хувь төлөөд 2020 оноос хойш авсан нь зургаан хувь төлөөд байгаа хэрэг вэ. Энэ бол цэвэр цаг хугацааны бодлогын золиос нь иргэд болоод байгааг харуулж байгаа юм. Тиймээс бүгдэд нь адилхан хандах нь зүйтэй. Үүний тулд Монголбанкнаас 400 орчим тэрбум төгрөгийн зардал гарна гэж хэлж байна лээ. Гэхдээ үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Эдийн засагт ирэх нөлөөлөл нь хамаагүй эерэг. Жишээ ярихад, 2013 онд ипотекийн зээлийн тогтолцоог нэвтрүүлэхэд арилжааны чанартай олон зээл байсан. Тэр нь 4-6 жилийн хугацаатай, 20-26 хувийн хүүтэй. Монголбанкны Мөнгөний бодлогын газраас бүгдийг нь refining хийгээд ипотекийн зээлийн 8 хувиар оруулсан. Тухайн үед 398 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд нь ард иргэдэд орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлсэн. Мөн түүнд төлж буй хүүний зөрүүг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин эдийн засгийг дэмжих бололцоог нээж өгч байгаа хэрэг юм.

Ярилцсанд баярлалаа.

ИНФОГРАФИК: 19.6 их наядад хүрсэн төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор авсан зээл, бондын ХҮҮНД 8.4 ИХ НАЯД төгрөг төлжээ
ИНФОГРАФИК: 19.6 их наядад хүрсэн төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор авсан зээл, бондын ХҮҮНД 8.4 ИХ НАЯД төгрөг төлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.