Сүүлийн үед залуучуудын сэтгэл зүйн боловсролд илүү анхаардаг болсон. Энэ нь олон нийтийн сүлжээ хөгжиж иргэд сэтгэл зүйдээ анхаардаг болсон уу аль эсвэл угаас байсан зүйл үү гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч бидний "GEN-Z" хэмээн нэрлэдэг залуу үеийнхний талаас илүү хувь нь сэтгэл гутрал, гэмтэлтэй болж байгааг нийгэм тэр аяараа мэддэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Мөн 18 хүртэлх насны хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ дундаас өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрхэн харилцах ямар үед мэргэжлийн хүнд хандах ёстой талаар Сэтгэл зүйч Н.Рэнжээтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд өсвөр үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлогыг тайлбарлаач?
-Өсвөр нас гэдэг бол бага наснаас том бие хүн болох шилжилтийн үеийн хэлнэ. Энэ үед хүүхэд өөрийгөө ойлгохгүй байх, өөрийгөө олох гэж хичээх үед нь маш олон бие махбодь сэтгэлзүйн өөрчлөлтүүд бий болдог. Хүүхдийн тархинд хамгийн их хөгжил явагддаг хоёр үе байдаг. Эхнийх нь 0-1 насны хооронд. Хоёр дахь өсвөр нас буюу шилжилтийн насанд тархины хөгжил хамгийн их явагддаг. Энэ үед хөгжлийн үйл явц нилээн хурдацтай байдаг.
-Өсвөр насны хүүхдэд хамгийн чухал зүйл нь НАЙЗ НӨХӨД-
-Сэтгэл санааны хувьд ямар өөрчлөлтүүдийг хэвийн зүйл гэж үзэх вэ?
-Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө илүү би том хүн боллоо гэж үздэг. Харин эцэг,эхчүүд, багш нар нь жаахан хүүхэд хэвээрээ гэж хардаг. Үүнээс шалтгаалж хүүхэдтэй зөрчил үүсэх талтай байдаг. Тэд үргэлж өөрсдийгөө хайж байдаг. Би ер нь юунд дуртай юм бол. Би ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ зэрэг бодлууд толгойд нь байнга эргэлдэж өөртэйгөө зөрчилдөж байдаг.
Бага насанд нь гэр бүл нь чухал байсан бол өсвөр насанд нь найз нөхөд нь аав, ээжээс нь чухал болдог. Мөн өөрийн гэсэн нууцтай болж хувь хүн болох үе рүү шилжиж байгаа юм.
-Яг энэ үед нь эцэг,эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
-Хамгийн чухал нь ярилцах шүү дээ. Эцэг, эхчүүд нь нэг давуу тал нь хүүхдүүдийн боловсролд их анхаардаг болсон. Гэвч нөгөө талаасаа хүүхдийнхээ сэтгэл зүйд бус материаллаг зүйлд их анхаарч байгаа нь үл хайрхах хүчирхийлэлд өртүүлж байгаагын хэлбэр. Эцэг эх эсвэл асран хамгаалагч нь анхан шатны хэрэгцээг хангах нэн шаардлагатай, үйлчилгээ, үйл ажиллагаагаар гачигдуулж нэн ялангуяа сэтгэл зүйн хайраар дутаах, яриаг нь үл ойшоох харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, бусадтай харьцуулах гэх мэт үйлдлүүд нь хүүхдийг сэтгэл санааны дарамтад оруулдаг. Харин хүүхэдтэйгээ Ярилцах, ойлголцох, сэтгэл санааны байдлын талаар харилцан ярилцах, өөрт нь тулгамдаж буй асуудлынх нь талаар яриулах гэх мэт сэтгэлийн холбоог хүүхэдтэйгээ үүсгэх хэрэгтэй.
-Сүүлийн үед иргэд сэтгэлзүйдээ их анхаардаг болсон шүү дээ. Хэдээс хэдэн насныхан түлхүү ирдэг вэ?
-Ихэвчлэн залуу үеийхэн ирдэг. Жишээ нь дөнгөж ажлын талбар дээр гарч байгаа эсвэл мэргэжил сонголтоо хийх гэж байгаа хүмүүс ирж зөвлөгөө авдаг. Өмнө нь нийгэмд сэтгэлзүйн асуудал байж л байсан. Харин сүүлийн үед сошиал медиа хэт хөгжсөний хирээр иргэд сэтгэл зүйн боловсролдоо анхаарч өөрийн сэтгэл зүйн асуудал руугаа өнгийж эхэлсэн. Тэрнээс биш сүүлийн үеийн залуучууд л сэтгэл зүйн асуудалтай болсон гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
-2022 оны байдлаар 18 насны хүртэлх 2014 хүүхэд ГЭМТ ХЭРГИЙН хохирогч болжээ-
Мөн хүүхэд хамгааллын 108 утсанд ирдэг дуудлагын 70 хувь үл хайхрах хүчирхийллийн дуудлага байгааг ГБХЗХГ-аас онцолсон юм. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж ойлгоцоогүйн улмаас хүүхдүүд гэмт хэрэгтэн болох, гэмт хэргийн хохирогч болох магадлал их болдог. 2022 оны байдлаар 18 насны хүртэлх 2014 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байжээ. Үүний ихэнх нь эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ сэтгэлийн дотно холбоо, харилцаа үүсгээгүйгээс шалтгаалдаг байна. Нэг үгээр хэлбэл эцэг, эхийн хараа хяналт маш муу байгаагын шинж юм.