-"Ээжээ би хөөрхөн байна уу?
-Тийм ээ миний охин хамгийн хөөрхөн" хэмээн хоорондоо шивнэлдэх ээж, охин хоёр эрхгүй нүд булаав.
Урдаа байгаа зургийн цаасыг өнгө, өнгөөр алаглуулан будаж, өөрийнхөө дотоод мэдрэмжээ зургаар илэрхийлэн суух энэ бяцхан охиныг Л.Энхжин гэдэг. Охины зурж байгаа дурс юу болохыг бас ямар утга агуулгатайг зөвхөн ээж нь л уншиж чадах аж. Угтаа бол энэ бяцхан охин бусдын л адил "ХӨӨРХӨН"-үүдийн нэг. Гэвч хөгжлийн бэрхшээл хэмээх том чөдрөөр л тушигдчихдаг юм. Гэхдээ энэ охинтой адил олон хөөрхнүүд өчигдөр нэг дор цуглав. Сураг гаргавал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд соёл, спортын арга хэмжээнд оролцож буй нь энэ байлаа.
Тиймээс Ubn.mn сайтын сурвалжлах баг хорвоогийн хамгийн хөөрхнүүдийн эрэлд гарж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээ уншигч танд бэлтгэн хүргэж байна.
Улаанбаатар хот, Чойжин ламын сүм музей
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Чойжин ламын сүм музей" хамтын ажиллагааныхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан "Тэгш хүртээмжтэй музей: Хүүхэд бүхэн хөөрхөн" өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд 200 гаруй хөөрхнүүд тэнд цуглаж, өөрсдийн түүх, соёлын өвтэй танилцсан нь энэ юм.
Гэхдээ дан ганц музей үзээд зогссонгүй шатар тоглож, сэтгэл зүйн зөвлөгөө авч, хүссэн зургаа зурж, хонхот хөл бөмбөг тоглож бүр урлаг, соёлын олон номерыг үзэж, нэг өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэв. Энд буй хөөрхнүүд бүгд л аз жаргалтай. Нэг нь ч уйлж гунигласангүй, нэг нь ч уурлаж бухимдсангүй. Харин бүгдийх нь нүднээс хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Түүнийг нь харсан эцэг, эхчүүд ч сэтгэл нь амарсан уу гэлтэй нэг л тайван харагдаж байлаа.
Хажууханд алхах нэг сэргэлэн жаал "Таныг хэн гэдэг вэ" гэж хүн бүрээс асуухад бүгд л түүнд нэрээ хэлж, өөрийгөө танилцуулж байлаа. Харин тэр хүүгээс өөрийг нь хэн гэдгийг асуухад өөрийгөө "Солонго" төвийн суралцагч Г.Лувсан-Эрдэнэ хэмээн танилцууллаа.
Өнөөдөр хамгийн гоё өдөр
"Өнөөдөр маш гоё өдөр байна. Би найзуудтайгаа хамт ирсэн. Сая дуу дуулсан. Бас шатар тоглож, зураг зурсан. Удахгүй музей үзнэ гэсэн. Би баяртай байна" хэмээсэн юм.
Арга хэмжээнд "Солонго" төвийн авьяаслаг хүүхдүүд эцэг, эхчүүд болон үе тэнгийн найзууддаа зориулан "Янзага" хэмээх дууг дуулж өгсөн бөгөөд тэдний дунд зогсож байсан бяцхан жаал мөн байв.
Хүүтэй ярилцсаныхаа дараа бид хөөрхөн бяцхан гүнжээ тэвэрсэн З.Цэндхүү эмээтэй уулзав. Зээ охин нь мөн л хөгжлийн бэрхшээлтэй тул хаана ямар арга хэмжээ болж байна тэр бүрд дагуулан ирдэг тухайгаа хэллээ. Тэрбээр,
"Охиныг минь О.Маргадгэгээн гэдэг. Охиноо хаана ч явсан дагуулж явдаг юм. Учир нь хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгмээс тусгаарлаад байж болохгүй шүү дээ. Аль болох гадаад орчинтой танилцуулж, бусадтай ойр байлгахыг хичээдэг. Харамсалтай нь, нийтийн тээвэрт зорчиход, олон нийтийн газар очиход хүмүүс их дургүйцдэг.
Хэн ч харсан хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгож болохоор байтал ойлгох хүн тун цөөн байдаг. Уг нь бусдын л адил хүн шүү дээ. Энэ бяцхан хүүхдийг үүрээд явах, тэргэнцэр дээр суулгаад явахад бүр ч хэцүү. Угтаа бол хүмүүс тэргэнцрийг нь хараад зай гаргаад өгч болно шүү дээ. Даанч тийм хүн ховор л доо. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээрээ ойлгодог болоосой гэж хүсэж байна. Учир нь таны ч бай миний ч бай бүгд л адилхан хүүхэд. Бүгд л хөөрхөн шүү дээ" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Өдөрлөгийн хамгийн олон хөөрхнүүдийг өөртөө татсан цэг бол яах аргагүй уран зургийн цэг байв. Тэнд хөөрхнүүд маань өөрсдийн хүссэн зургаа зурж бас баг будаж тоглож байв. Ээжээ би зуръя, ааваа би будъя, багшаа би болох уу гээд л хөөрхнүүд маань энд тэндээс гүйцгээж ирнэ.
Яг энд цагаан даашинзтай, ягаан үсний даргуулга зүүсэн нэгэн охин зураг зурж байсан нь өмнө нь дурдсан Л.Энхжин охин байсан юм.
Би ХӨӨРХӨН
Охиноос бид өөрийг нь хэн гэдэг вэ хэмээн асуухад өөрийгөө танилцуулснаас гадна "БИ ХӨӨРХӨН" хэмээн хэлсэн юм. Энэ хөөрхөн охин дауны хам шинтэй бөгөөд ангийнхаа найзуудад ч үлгэр дуурайлал болсон эелдэг охин аж.
Ээж нь ч охиноороо бахархаж, зураг бүрийг нь нандигнаж явдаг тухайгаа ярьсан юм. Бас охиноо зураг зурах авьяастай. Хэдий хүмүүс хараад ойлгохгүй ч сайн ажиглавал маш их утга агуулгыг илэрхийлдэг хэмээсэн юм.
Үзвэр, үйлчилгээний байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маань тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээсэй гэж хүсэж байна
Түүнээс гадна ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн үг хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүх, соёлын өвийг хүртээмжтэйгээр таниулах, спортыг сурталчлан, оролцоог нэмэгдүүлэхэд Чойжин ламын сүм музей хамтарч байгаад талархаж байна. Мөн бусад музей болон үзвэр, үйлчилгээний байгууллагууд ХБХХЕГ-тай хамтарч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маань үзвэр үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх боломжоор хангахыг уриалж байна" гэлээ.
Ийнхүү хөөрхөн жаалууд ээж, аавтайгаа, багш нартайгаа, найз нөхөдтэйгөө нэг өдрийг зугаатай өнгөрүүлж, сэтгэлдээ баяр тээсээр өдөрлөгөөс буцсан юм. Энэ мэт олон арга хэмжээ зохиогдвол олон бяцхан үрс нийгмийн идэвхтэй болж, өөрийгөө бусдаас тусгаарлахын оронд бусадтай чөлөөтэй харьцаж, ярилцахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн бяцхан үрсийг ямар нэг бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхахгүй байж, тэднийг бага ч болов ойлгож байхыг сурвалжилгынхаа төгсгөлд урилъя.