20 хоног үргэлжилсэн дугаарын хязгаарлалт өнөөдрөөр дуусгавар болж, нийслэлчүүд зам дээр явах бус "зогсдог" төлөвт шилжлээ. Үүнийг шийдэж, түгжрэлийг бууруулах шийдэл, онч мэргэн санаа дээдсүүдээс гарахгүй нь нэгэнт тодорхой болчихсон. Учир нь өнгөрсөн жил хот түгжрэлийг бууруулахад хагас тэрбумыг төсөвлөж, зам, гүүр, нүхэн гарцуудыг шинээр барьж байгуулах ажлуудыг өрнүүлсэн хэдий ч ямар ч үр дүнд хүрч чадсангүй. Нийслэлчүүд урьдын адил зам дээрээ тэг зогсолт хийсэн хэвээр.
Бодлого боловсруулагчид хэдэн тэрбумаар нь төсөвлөөд ч түгжрэлийг бууруулж чадахгүй юм байна гэдгээ нэгэнт ойлгож, дугаарын хязгаарлалт хийе, автомашинаасаа татгалз, автобусаар зорч гэх мэт ядмагхан арга хэрэглэж байгаа нь иргэдийг ихээр бухимдуулж, маргаан дагуулж буй юм.
Харамсалтай нь бидэнд өөр сонголт үлдсэнгүй. Оргил ачааллын үеийн дугаарын хязгаарлалт үр дүнгээ өгч, бид тэг зогсолт хийх аюулаас түр ч атугай хол байж чадлаа. Овоо үр дүнгээ өгч байсан дугаарын хязгаарлалтын хугацаа өчигдрөөр дуусгавар болж, "Түгжрэл ямар байгаа бол, яаж ажилдаа амжиж очих уу, орой яаж гэртээ харих вэ" гэсэн нэг ижил бодлоор нийслэлчүүд өнөө өглөөг эхлүүллээ. Одоо бидэнд, нэгдүгээр эгнээгээр явдаг автобусанд суугаад арай бага түгжирч ажилдаа очих уу. Автомашинаа хөлөглөж, автозам дээр тэг зогсолт хийгээд ажлаасаа хоцрох уу гэсэн хоёрхон сонголт үлджээ.
Хэн ч хувийн машинаасаа татгалзаж, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй нийтийн тээврийг олон цагаар хүлээж, багтаж ядан шахцалдаж явах сонголтыг хийхийг хүсэхгүй ч ажилдаа амжиж очих, гэртээ эрт харих хүслээр нийтийн тээврийг сонгохоос өөр сонголтгүйд хүрч байгаа нь нууц биш.
Албаныхан ч үүнийг хүлээн зөвшөөрч автомашинаасаа татгалзахыг ил, далдаар уриалж, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх, автозамын нэгдүгээр эгнээг зөвхөн автобус явдаг болгож тусгаарлах гэх мэт ажлуудыг эрчимтэй өрнүүлж эхэлсэн.
Төр засаг нийтийн тээврээ ая тухтай, хүртээмжтэй болгох ажлаа энэ хэвээр эрчимжүүлж, иргэд ойрхон зайд автомашин бус нийтийн тээврээ хөлөглөх сонголтыг ямар ч эргэлзээгүйгээр хийдэг болчихвол түгжрэлд толгой гашилгаж, үнэт цагаа зам дээр өнгөрүүлдэг байдал ард хоцрох нь.
Мэдээж хэрэг энэ шийдэл хамгийн эцсийн, зөв гарц биш. Бодлого боловсруулагчид мэргэн санаа олж, түгжрэлийн түгжээг тайлтал өөрсдийн боломжоор түгжрэлийг бууруулж чадах хамгийн боломжит хувилбар юм.