Сонгуулийн өмнөх улсын төсвөө базааж буй эрх баригчид юу, юугүй ирэх жилийн сонгуулийн бэлтгэлдээ орж байх шиг байна. Өчигдрөөс эхлээд Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга нар баруун бүсээр тойрч эхлэв. Тэд баруун, зүүн, төвийн гэж орон нутгаа гурав хувааж энэ сардаа багтаж бүх аймгуудыг бүрэн тойрно. Нэг талаасаа Засгийн газрын тэргүүний хувиар бодлогоо танилцуулахаас гадна, Ардын намын даргын хувиар орон нутгаа “эргэж” буй нь энэ.
Өөрөөр хэлбэл, Ардын намынхан сонгуулийн бэлтгэл ажилдаа албан ёсоор орж, улс төрийн акц хийж байна гэж ойлгож болно. Тэгвэл яг энэ өдрүүдэд ирэх жилийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой асуудлууд МАН-ын дотор ил далдаар яригдаж эхлээд байна. Зарим нь хасагдаж, зарим нь зүтгэсэн байдалтай битүүхэндээ гомдож, тунигсадын тоо толгой өсөн нэмэгдэж эхэллээ.
Өнгөрсөн зун Ардын намын дарга нарын түвшинд жагсаалтад муу нэр луу данстай этгээдүүдийг багтаахгүй. Мөн залуучуудыг голдуу намын нэрийн жагсаалтад оруулна гэж тохирсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газрын гишүүдийг ч мөн адил намын нэрийн жагсаалтад оруулахгүй гэдгээ МАН-ын дарга нар илэрхийлжээ. Танхимын тэргүүн, Хэрэг эрхлэхийн дарга хоёр бусдыгаа хошуучилж, Хэнтий болон Говь-Алтайдаа очиж өрсөлдөх аж.
Жагсаалтад, шинэ залуучуудыг түлхүү оруулах, сайд нарыг жагсаалтад оруулахгүй байх гэх бодлогын цаана Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 80-аад оны залуучуудын намдаа болон улс төрд үе солихыг эрмэлзэж буй бодлого явж байгаа нь ойлгомжтой. Ингэж үеэ сольж чадвал тэд дараагийн арванд намдаа засаглаж чадна. Ардын намд засаглана гэдэг бол улс төрд засаглах боломж гэсэн үг. Үүний тулд л ҮХНӨ-ийг хийсэн юм. Лу.Гантөмөр ч гэсэн 1980 оны нэг ч УИХ-ын гишүүнгүй байгаа АН дотроо үе солихын тулд л ҮХНӨ-ийг дэмжсэн байх.
Нэгэнт л намын дарга нар бодлогоо гаргасан хойно сайд нар тойрогтоо дэвших, тойргоо солих зэрэг арга хэмжээг авахаар бэлтгэж буй сурагтай. Мөн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй залуу дарга нарынхаа бодлогыг өнгөрсөн хугацаанд сөрж байсан нам дотроо “ах нар” гэх ангилалд багтчихсан эрхмүүдийг жагсаалтад ч оруулахгүй, тойрогт ч нэр дэвшүүлэхгүй ажээ. Хэрэв санаж буй яг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ кабенитээ шинэчлэхдээ “Сайд болвол намын жагсаалтад оруулахгүй” гэж ам авч сайдын суудалд томилсон гэх мэдээллийг тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв. Тиймээс МАН дотор одоо нэр дэвшихтэй холбоотой гомдогсдын арми өргөн хүрээнд бий болно. Энэ армид 60, 70-аад оны ах нар голд “элсэх” төлөв анзаарагдаж байна.
Тойрогт нэр дэвших нь ойлгомжтой болсон сайд нар хуучин тойргуудаа услахаар ирэх жилийн төсөвт анхаарлаа хандуулж, зарим нь тойргоо солихоор элдэв судалгаа хийж буй сурагтай.
Хамгийн сүүлийн тод жишээ нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Гэнэт нийслэлчүүдэд "хайр" зарлаад хотыг утаагүй болгоно гэж зориглоод “гал” руу гүйгээд орчихсон тэрбээр ирэх сонгуулиар тойргоо сольж магадгүй гэх яриа гарч эхэлсэн. Угаасаа Ч.Хүрэлбаатартайгаа үргэлж зөрчилдөх болсон тэрбээр ирэх жилийн сонгуулиар тойргоо солих шаардлага гарвал Хан-Уулыг онилж буй гэнэ. Тиймээс л өөртөө эрсдэл гаргаад ч хамаагүй нийслэлийн утааг бууруулах бодлого барьжээ. Харамсалтай нь Нийслэлийн АН-ын болон танхимын анд Ч.Хүрэлбаатарын талынханд энэ нь сайхан олз болж сошиалд нэг хэсэгтээ л балбуулж, утааг бууруулах ажил нь "өвдөг шороодов".
Энэ мэтээр сайдууд тойргоо “маллах”, тойргоо сольж нийслэлд зүтгэх бололтой.
Г.Лхагвадорж