Манцуйтай байхаасаа ижилдэн дассан гээд л найзууд бие биенээ ярьдаг шиг цэцэрлэгтээ хамт байсан дөрвөн тэрсхэн жаал энэ жил хөтлөлцөөд нэгдүгээр ангид оржээ.
Дөрвөн сурагчтай нэгдүгээр ангийнхан дөрвөн жил хамтдаа
Төв аймгийн Жаргалант сум, Загдал баг. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тул дүрэмт хувцсаа жимбийтэл өмсөж, шинэхэн цүнхээ цомцойтол үүрсэн 1-4-р ангийн 20 гаруйхан хүүхэд бие биенээ бас багш нарыгаа их л санасан аятай сэтгэл догдлон зогсох нь тэр. Тэдний дунд хамгийн их анхаарал татаж, хайр хүргэх хүмүүс бол энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж буй дөрвөн бяцхан жаал.
Энэ дөрвөн жаалыг н.Алтанбагана, н.Үүрийнгэгээ, н.Үүрийнтуяа, н.Эрдэнэхүү гэдэг. Нэгдүгээр ангид орж байгаадаа баяртай байна гээд л 1-30 хүртэл тоолж, алдаж, гацахгүй дуржигнатал унших нь хүн бүхний хайрыг татна. Уйлахдаа, инээхдээ, тоглохдоо ч хамтдаа байж цэцэрлэгтээ ч мөн дөрвүүл сурсан тул энэ жил нэгдүгээр ангид орохдоо бие биенээсээ айж, бишүүрхсэнгүй. Харин ч олон жил нөхөрлөсөн "томчууд" шиг цаанаа л нэг дотно.
Хажууханд нь зогсох тэдний аав, ээж "Саяхан л өлгийтэй байсан юмсан. Одоо ийм том болоод сургуульд сурч байна шүү дээ" гэж нүдэндээ нулимстай, сэтгэлдээ жаргалтай ам уралдан ярилцана. Арга ч үгүй биз. Аав, ээжийнхээ нүдэнд энгэрт нь эрхлэх бяцхан хүүхэд мэт санагдах ч аль хэдийн нэгдүгээр ангид орж буй том хүүхдүүд болж байгаа тул ийнхүү өхөөрдөн хайрлах нь зүйн хэрэг.
Багийн сургууль болоод ч тэр үү хоёр багш сургуулиа хариуцан ажилладаг аж. Бас нэг багш хоёр ангийг дааж авдаг гэнэ. Хүүхдийг цөөн гэж голохгүй, бага гэж ялгахгүй, сурч боловсрох эрхээр адил тэгш хангахаар өглөөнөөс орой хүртэл ажиллах нь хайр татам. Багш хүний өөртөө бас шавь нартаа өргөсөн тангараг ч байж болох.
Ийнхүү тэрсхэн өссөн дөрвөн жаал нэгдүгээр ангийн сурагч болж нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч багийн сургуулиа орхин одно. Тэр хүртэлх хугацаанд бяцхан жаалууд бие биедээ улам дасан бас жижигхэн багийн сургуульдаа нэгэн ангийг бүрдүүлэн суралцах аж.