Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 113 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалбал Афганистанаас ирсэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. ОХУ-аас ирсэн 26 настай эрэгтэй 24 хоног эмчлэгдэн гарлаа. Мөн 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд гарч байна.
Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 287 байна. Үүнээс 213 тохиолдол эдгэрсэн. Одоо эмчилгээнд 74 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 62, хүндэвтэр 12 хүн байна" гэв.