Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 395-485 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа учраас тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээ авч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлд 177 мянган тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас орж ирсэн байна. Зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн их байна.
Өнгөрсөн жил тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээг авч байсан. Тухайн үед хөдөлгөөн 7-9 км цагийн хурдтай үргэлжилж байсан бол тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээ авсны дүнд 15-20 км/цагийн хурдтайгаар хөдөлгөөнд зорчсон. Замын хөдөлгөөний түгжрэл саатал 38 хувиар буурсан гэх дүн мэдээ тухайн үед гарч байсан" гэлээ.