Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 35 дугаар хорооны иргэн М.Т нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасан, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүйгээс гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны засаг даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.