Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Нийслэлийн Онцгой комисс болон НМХГ-ын даргын холбогдох тушаал шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 248 байцаагч холбогдох объектууд дээр, бэлэн байдалд 252 байцаагч буюу нийт 500 гаруй улсын байцаагч дээрх өдрүүдэд хяналт шалгалт хийж, бэлэн байдалд ажиллалаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд долдугаар сарын 10-15-ны өдөр 14 дуудлага мэдээлэл ирсэн.
НМХГ-ын Улсын байцаагчид баяр наадам зохион байгуулагдсан Хүй долоон худаг, XIII зуун цогцолборт хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр хуушуур болон холбогдох худалдаа эрхэлж байсан 19 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 150 мянган төгрөгийн торгууль тавьсан. Гэхдээ энэ жил худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүйтэй холбоотойгоор гарсан зөрчил өмнөх онуудтай харьцуулбал хэд дахин бага байлаа. Нэг ноцтой дуудлага ирсэн нь долдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны нэгэн айлд хийн газ дэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, хоёр иргэн нь түлэгдсэн. Дуудлагын дагуу НМХГ-ын холбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыг доошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраа газаа хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн. Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн. Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыг ахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна” гэсэн юм.