Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тухай 16 гал, эрэн хайх, аврах ажиллагааны 16, нийт 32 дуудлагын дагуу 260 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, 24 иргэнийг усны ослоос аварч, аж ахуйн нэгж, иргэний 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд гал түймрийн улмаас нэг, усны ослоос нэг, үерийн далангаас нэг, нийт гурван буцалтгүй нэрвэгдэгчийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллалаа. Алба хаагчид голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргасан” гэлээ.