ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ:
- Элон Маск, Жефф Бэзос, Билл Гейтс зэрэг АНУ-ын олны танил эрхмүүдийн твиттер хаягууд хакердууллаа.
- Энэ талаар “Өнөөдөр Твиттерт хүндхэн өдөр тохиолоо, ийм зүйл тохиолдсонд бид бүгдээрээ харамсаж байна” гэж Твиттерийн ТУЗ-ийн гишүүн Жак Дорсэе жиргэжээ.
- Хаягийн нууц үгээ солих зэрэг үйлдлүүд алдаа зааж ажиллахаа болив.
Элон Маск, Жефф Бэзос, Билл Гейтс гэх зэрэг АНУ-ын олны танил эрхмүүдийн твиттер хакердуулжээ. Хакердуулсан хаягуудад биткойнтой холбоотой луйврын жиргээнүүдийг нийтэлсэн байна.
Энэ талаар “Над руу 1000 ам.доллар шилжүүлбэл би танд 2000 ам.доллар болгон буцааж өгье” гэх утгатай хуурамч жиргээнүүдийг нийтэлсэн байна. Дээрх хаягууд хакердуулснаас үүдэж хаягийн нууц үгээ солих зэрэг үйлдлүүд алдаа зааж ажиллахаа больсон байна. Үүнээс улбаалж нийтлэгдсэн хуурамч жиргээнүүдийг устгаж эхэлсэн ч дахин нийтлэгдсээр байсан юм.
Кибер хамгаалалтын CrowdStrike компанийн үүсгэн байгуулагч Дмитрий Алперович Роётэрс агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогийн сошиал медиа дээр байж болох хамгийн муу хак ажиллагаа нь энэ байх” гэж дурджээ.
Мөн биткойны линктэй холбогдсон жиргээнүүдийг SpaceX, Tesla, болон Элон Маскийн үндсэн хаягууд нийтэлсэн бөгөөд “Ковид-19-ийн улмаас миний өглөгч зан хөдөллөө” , “ 30 минутын дотор над руу мөнгөө явуулсан хүмүүсийн мөнгийг хоёр дахин нэмж буцаан явуулъя” гэх зэрэг жиргээнүүдийг нийтэлсэн байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Твиттерийн ТУЗ-ийн гишүүн Жак Дорсэе “Өнөөдөр Твиттерт хүндхэн өдөр тохиолоо, ийм зүйл тохиолдсонд бид бүгдээрээ харамсаж байна” хэмээн жиргэжээ.
Тус луйврын давалгаанд Каниэ Вэст, түүний эхнэр Ким Кардашиан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жөү Бидэн, Майк Блүүмбэрг болон Аpple, Uber-ийн албан ёсны твиттер хаягууд өртсөн байна.
Тус кибер довтолгоог үйлдсэн мэйл хаяг нь [email protected] бөгөөд бүртгүүлсэн нэр нь Энтони Элиас байсан гэж BBC мэдээлжээ. Луйврыг үйлдсэн эзэд мөн Инстаграм хаяг нээсэн ба хаягийн тайлбар дээрээ “Бид байсан юм” , “Энэ бол хандивт зориулсан дайралт юм , “Та нарын мөнгө очих ёстой хүмүүс дээрээ очно” хэмээн нийтэлсэн ажээ.
ДЭВСГЭР МЭДЭЭЛЭЛ:
Маш олон хэрэглэгчдийг нэгэн зэрэг ийм асуудалд оруулж байгаа нь Твиттер өөрөө асуудалтай байгааг харууллаа хэмээн кибер хамгааллын мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC.com
А.СОДНОМДАРЖАА