Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : "Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 13 сая 659 мянган хүн өвчилж, 594 мянган хүн нас барсан байна. Одоогоор 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 209 мянган хүн шинээр өвчилж 5 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 60 мянган тохиолдол, Бразилд 39 мянган тохиолдол, Энэтхэгт 29 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6422 хүн шинээр халдвар авч 156 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Тувад 49, Читид 39 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 269 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 428 хүн шинээр ажиглалтанд орсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3006 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Үүнээс 1-5 насны 186 хүүхэд, жирэмсэн 108, архаг хууч өвчтэй 318 хүн байна.
Цэргийн төв эмнэлэгт 53 хүн эмчлэгдэж байна. 4 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 12 их эмч, 41 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 128 дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар мэдээлэл авсан.
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, Швед, Франц улс оронд буй монгол таван иргэнээс дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан" гэв.