Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын модель, нэвтрүүлэгч, контент бүтээгч Чэ Сан Хы: Надтай хамтран ажилладаг олон байгууллагаас Монголд очиж зураг авалтаа хийх санал ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 11 секунд

Аялал жуулчлалын салбар харьцангуй идэвхжиж, өдөр бүр 3000 гаруй жуулчин Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирж байгаа гэх баяртай мэдээг бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү жуулчдын ихэнхийг нь БНСУ-ын иргэд эзэлж байгаа юм. Энэ дундаас БНСУ-ын алдарт жүжигчин, модель инфлүүнсэрүүд ирж, олон нийтийн сүлжээг шуугиулаад байгаа билээ.

Тэгвэл бид уг жуулчдын төлөөлөл болох БНСУ-ын загвар өмсөгч, нэвтрүүлэгч, контент бүтээгч Чэ Сан Хы тай ярилцлаа. Тэрбээр "Joy Mongolia" аялал жуулчлалын компанитай хамтран Монгол Улсад аялангаа олон улсын брэндүүдийг сурталчлахаар ирсэн байна.

-Сайн байна уу урилга хүлээн авсанд баярлалаа. Юун түрүүнд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Чэ Сан Хы гэдэг. Би нэвтрүүлэгч, аялалын бүтээгдэхүүний creator гэсэн мэргэжилтэй.

"Хамтран ажилладаг олон улсын байгууллагуудаас Монголд очиж зураг авалтаа хийвэл ямар вэ гэх санал ирсэн"

-Монгол анх удаа ирж байгаа юу. Хамгийн анхны сэтгэгдлээ хуваалцаач?

-Би хүүхэд байхдаа Монголын талаар олон видео, нэвтрүүлэг үздэг байсан. Тийм болоод ч тэр үү багаасаа мөрөөдлийн жагсаалтдаа монголоор аялах гэж оруулсан. Анх удаа Монгол ирж байна. Хувийн хөтөлбөр, ажил, төлөвлөгөө маань яг таараад найз залуутайгаа хамт ирсэндээ баяртай байна. Миний төсөөлснөөс илүү үзэж, харах зүйл ихтэй,гайхалтай байгалийн баялагтай гэдгийг харсан. Өнгөрсөн долоо хоногийн аялал маань маш хурдтай өнгөрлөө. Яагаад Монголд нэг удаа ирсэн хүн дахин дахин ирэхийг хүсдэг шалтгааныг ойлгож байна. Бас хамтран ажилладаг олон улсын байгууллагуудаас Монголд очиж зураг авалтаа хийвэл ямар вэ гэх санал ирсэн.

-Монголд ирээд ямар газруудаар аялсан бэ. Хамгийн их таалагдсан байгалийн тогтоцтой газар аль нь байсан бэ?

-Долоо хоногийн турш хамгийн эхлээд Улаанбаатар хотоор аялсан. Дараа нь бага газрын чулуу, Баянзаг, Ёлын ам, Цагаан суврага, Хонгорын элс гэх мэт газруудыг үзэж сонирхсон. Очиж үзсэн газар болгон маань өөр өөрийн гэсэн онцлогтой, уйдаахааргүй, өвөрмөц газар байсан. Хамгийн их таалагдсан газар гэвэл Баянзаг байх. Ялангуяа Баянзагт нар жаргах үеийн байгалийн үзэмж үнэхээр сайхан санагдсан.

-Таныг олон улсын брэнд болон дотоодын брэндүүдтэй хамтран ажилладаг гэж сонссон. Ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ?

-Би дотооддоо DISCOVERY брэнд болон теннисний хувцас үйлдвэрлэдэг компанитай хамтардаг. Мөн солонгосын бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой төрийн байгууллагуудтай удаан хугацааны гэрээтэй хамтран ажилладаг. Үүнээс гадна олон зочид буудал, ресортуудтай хамтран ажилладаг. Эдгээр хамтран ажилладаг байгууллагуудаа сурталчлахаар Монголд ирсэн. Мөн Хонконгийн аялал жуулчлалын байгууллагаас санал ирсний дагуу бид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон.

-Таныг Монголд ирсэн гэдгийг мэдээд олон нийтийн сүлжээнд нийтлэлүүд их бичигдсэн. Энэ талаар мэдсэн үү. Үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

-Би 2 хоногийн өмнө жуулчны баазад усанд орчхоод гараад ирсэн чинь нэг монгол хүн намайг "Хамт зураг даруулж болох уу" гэж асуусан. Би Монголд танигдаагүй шүү дээ. Тийм болохоор "Яагаад надтай зургаа авхуулах гээд байгаа юм бол" гээд асуухад "Өөрийн чинь зургийг фэйсбүүк дээрээс харсан. Хүмүүс их сэтгэгдэл бичиж байгаа" гэж надад хэлсэн. Би маш их гайхсан ч гэсэн Монгол хүмүүс намайг таньдаг болсонд маш их баярлаж байна. Монголд ирснээрээ надад маш их боломжийг нээж байгаа юм бол уу гэж бодож байна.

-Монгол хүмүүсийн онцлог зан чанарыг ажигласан уу. Таалагдаагүй зүйл байгаа юу?

-Монгол хүмүүс их тусч энэрэнгүй санагдсан. Хэрэгтэй бүх зүйлийг бэлдэж өгч хурдтай сэргэлэн санагдсан. Таалагдаагүй зүйл одоохондоо байхгүй. Азийн орнуудаар аялах үед арьс өнгө өөр болоод ч тэр юм уу хаанаас ирсэн талаар их сонирхож асуудаг байсан. Харин монголчуудтай их төстэй царайтай учир тийм зүйл байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 25 хэм дулаан, бороогүй
Улаанбаатарт 25 хэм дулаан, бороогүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.