Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ: Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 37 секунд

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр "Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ. Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ. Эрхэм хүндэт наадамчид аа. Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны сайхан өдөр Монгол түмний хосгүй их баяр цэнгэл үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийд ганцхан монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий эрдэмт хүмүүний гурвалсан их баяр, хүн төрөлхтний үнэт өв, монгол төрийн ой санамж, монгол үндэстний эв нэгдэл тусгаар тогтнолын бэлгэдэл. Монголчууд бидний оюун санааны дархлаа оршин тогтнохын баталгаа билээ. Өв соёл, өвөг дээдэс үүх түүхээрээ бахархан үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд зочлон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо, тулгар төр байгуулагдсаны түүхт 2232, Их Монгол улс байгуулагдсаны түүхт 817, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр заяат Монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс 2 мянганы тэртээ төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан тулгар төрөө мандуулж хүмүүний ертөнцөд суу алдраа дуурсгасан бахдам сайхан түүхтэй билээ. Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их монгол улсыг байгуулж, монголын их амар амгаланг цогцлоон хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн агуу үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд тамгалагдан монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалтай нүүр тулсан монголчууд бидний 20 дугаар зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ. Эдүгээ манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс хэмээн хүндлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм.

Их Монгол улсын гал голомтыг сахин суугаагаа ухамсарлан, эзэн богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлгэ сургаалийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж эв эеээ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж хувь нэмрээ оруулах учиртай. Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нэгэн санаа зорилгоор хамтдаа зүтгэцгээе.

Миний Монголын ард иргэд ээ. 800 жилийн тэртээ 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг гаргаж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээн эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай төрийн тэргүүн зарлиг гаргасан. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход УИХ, ЗГ хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг ард олондоо дуулгахад таатай байна" гэлээ.

Хурдан азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ
Хурдан азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.