Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгаж шийдвэрлэлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.
Учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах”... гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн аж.
Сануулахад, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутгагдаж буй.