Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Улстөрчдийн үзэгний хошуугаараа олсон олон сая ам.долларын нүүрсний хулгайг хуулийнхан илчлэхийг хүсэхгүй байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 54 секунд

"Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" Хянан шалгах түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

“Бодь Интернэшнл ХХК Эрдэнэс тавантолгойн нүүрсийг хятадын компаниудтай үгсэж, амандаа орсон үнэрээ худалддаг байсан”

-Нүүрс, тээврийн асуудлаарх хянан шалгах Түр хороо бүтэн жилийн хугацаанд ажиллалаа. Шалгалтын хугацаанд ямар асуудлууд тогтоогдож, ямар дүгнэлтэл хүрээд байгаа вэ?

- Шинжээчдийн цуглуулсан нотлох баримтын хүрээнд харахад нүүрсний экспорт саатсан болон улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тодорхой хувь тасалдахад хүрсэн асуудлын ноцтой нэгэн холбогдогч нь Бодь интернэшнл ХХК байсан байна. Тус компани хятадын нүүрс тээврийн 11 компанитай зүгээр л Эрдэнэс таван толгойн нүүрсийг амаар тохиролцож, Монголын ард түмний баялгийг зарж, хувьдаа ашиг олдог байсан нь илт байна.

Эрдэнэс Тавантолгой 7 орчим тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Тухайн нүүрсийг зарим тохиолдолд аман дээрээс нь 70 ам.доллароор зарж, зарим үед нь 110-120 ам.доллароор зарж байсан байна. Аман дээрх үнийн доод хэмжээ буюу 70 ам.доллароор бодоход л 500 орчим тэрбум ам.долларын асуудал энд яригдаж байна. Түүнээс өмнө гаргаж байсан хэлэлцээрүүд “хуудуутай” байсан. Эрдэнэс Тавантолгой ХХК-тай хийсэн анхны гэрээ 700 сая ам.долларынх.Гэрээг хийхдээ дээрх үнийн дүн бүхий нүүрсийг гаргаж аваад төмөр зам барина гэж тохиролцсон байсан. Хоёр зүйлийг онцолж хэлье.

Нэгдүгээрт, 200 сая ам.долларыг бэлэн мөнгөөр эхний ээлжид авсан байсан. Гэтэл үүний зөвхөн хүүгийн төлбөрт олон сая ам.доллар яригддаг. Дээр нь 400 тэрбум орчим ам.долларын худалдан авалт, борлуулалтын санхүүжилтийг гэрээнд заахгүйгээр зүгээр л амаар тохиролцож түүнийхээ зарим хэсгийг гэрээнд нэмэлтээр тусгаад явчихсан.

Бид өнгөрсөн хугацаанд 5 шинжээчтэй, хэдэн тамгын газрын ажилтнуудтайгаа л чадахаараа ажилласан. Нотлох баримтуудыг цуглуулах явцад Энгүүн болор, Ханбогд инженеринг гэсэн гаалийн хяналтын хоёр талбайд бид шалгалтаа төвлөрүүлж хийсэн. Цаана нь олон талбаа бий л дээ. Зөвхөн энэ хоёрхон талбай дээр шалгалт хийхэд 3.2 сая тонн нүүрсний хулгай зөрчил илэрсэн.

Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш 8 удаа хуралдсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “нүүрсний сонсгол” хийх гэж төлөвлөөд зарлачихсан байтал АТГ-аас Н.Удаанжаргалыг мөдхөн барих гэж байна. Б.Ганхуягийг яаралтай яллах гэж байна, битгий садаа бол гэсэн бичиг ирсэн. Гэтэл өнөөдөр гэмтнүүд гудамжинд зүгээр л явж байгаа. АТГ-ыг би хам хэрэгтэн гэж хэлмээргүй байна. Хоёрдугаар ноцтой асуудал бол шүүх, цагдаа, тагнуул, прокурорын байгууллага хулгай нүүрлэсэн өнгөрсөн хугацаанд хаана байсан юм гэж асуумаар байна. Энэ олон жил хэдэн сая тонн нүүрс зараад хүнд даацын хэдэн мянган машинаар хилээр хулгайгаар ард түмний баялгийг гаргаж байхад тэд хаана байсан бэ гэдэг их сонин.

Одоо яригдаад буй 42 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гэдэг чинь 400 гаруй сая хонь гэсэн үг. Монголын энэ жилийн хонин толгойг авч үзэхэд төлтэйгөө нийлээд 120 сая байгаа шүү дээ. Нийт малыг 4 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний малыг зарсантай адил хулгай одоо яригдаж байгаа гэсэн үг. Бидний татварын мөнгөөр санхүүждэг хуулийнхан яагаад зүгээр өнгөрөөчихсөн юм бэ. Алсын хараа-2050 гэдэг хөтөлбөрийг би ойлгодоггүй байсан. Одоо ойлгож эхэлж байна. Энэ чинь хориод, тавиад бай гэсэн үг юм билээ.

“Өөрсдийг нь томилсон хулгайчдыг хуулийнхан зарлаж чадахгүй байна”

-Эрдэнэс тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг та яриан дундуураа сул чөлөөтэй гудамжинд алхаж явна гэлээ. Энэ бодит уу?

-Манай Түр хороо 4-р сарын 10-12-ны өдрүүдэд нүүрсний сонсгол хийнэ гэж товоо зарлачихсан байсан. АТГ-аас бичиг ирэх үед Б.Ганхуяг хоригдсон байсан. Харин Н.Удаанжаргал гадаадад байсан. Одооч бий байх. Б.Ганхуягийн тухайд одоо чөлөөлөгдөөд чөлөөтэй явж байгаа гэж би сонссон. Одоо энийг хуулийнхан бидэнд мэдээлэх ёстой. Эцсийн дүндээ асуудал Б.Ганхуяг, Н.Удаанжаргал хоёрт ч биш шүү дээ. Тэр хоёр хүнийг томилж, хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг байсан хүмүүс хариуцлагаас мултарсан.

-Тийм бол яагаад одоог хүртэл хуулийнхан том эздийг нь барьж чадахгүй удаад байна гэж харж байгаа вэ?

--Аргагүй шүү дээ. Хуулийнхныг томилдог хүмүүс өнөөдөр энэ бүхний ард бий. “Муур багш” болоод байж байна гэж би хардаж байна. Нээлттэй сонсголыг гацаасан хууль, хүчний байгууллагынхан хам хэрэгтэн болчихсон байна. Тэднийг албан тушаал дээр тавьсан эрх баригчид хулгайн гол эзэд болж таарч байна.

-Хятадын нүүрс тээврийн 11 компани Бодь интернэшнлтэй гэрээ хийж нүүрс гаргадаг байсан асуудлыг та ярианы эхэнд хөндсөн. Тухайн компаниудтай эрх ашгийг зөрчилтэй. Нөлөө бүхий хүмүүс хэр холбогдсон байдаг талаар баримт, мэдээлэл бий юу?

-Нөлөөлөл байсан. Тодруулбал 2008 оноос хойш 7 сая тонн нүүрсийг 9-18 ам.доллароор л гаргаж байж. Гэтэл цаана нь нэг хэсэг 400-500 ам долларт хүрч байсан үе л дээ. Энэ ханшийн зөрүү маш олон улстөрчдийн хүүхдүүдийн нэр дээр компани болж, тэд энэ үйл ажиллагаанд оролцсон. Нотлох баримтын хүрээнд цугларсан мэдээлэлд үндэслэж бид нээлттэй сонсгол хийхэд хэзээд бэлэн.

“24.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн Бодь Интернэшнлийг Эрдэнэс тавантолгой 140 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахад хүргэсэн”

-Тавантолгой- Зүүн баян чиглэлийн төмөр зам барим төслийн хүрээнд шинжээч нар хэрхэн ажиллаж, дүгнэлтээ гаргаад байгаа вэ?

-Маш олон төрлийн алдаа, зөрчлүүд илэрсэн байна. Жишээ нь, төслийн нийт өртөг нь 1.4 тэрбум ам.доллар. Үүнээс 1300 айлын барина гэсэн гэрээнд тусгасан байсан заалт хэрэгжээгүй. Оронд нь нүүрс ачиж буулгах хоёр талбай барина гээд гэрээний заалтыг “замхруулсан” байдаг. Энэ бүх хулгай, дээрмийн цаана эгэл жирийн ард түмэн хохирч байна гэдгийг байнга ойлгох ёстой. Энэ бүхэн улстөрчид үзгийн хошуугаараа асар олон сая долларыг хувьдаа олсон гэмт хэрэг гэж үзэж байгаа. Хатуу хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хүн шоронд хийхийн дон тусчихсан биш. Хамгийн гол нь ард түмэнд энэ хохирлыг барагдуулж өгөхийг шаардаж байна.

-Жинхэнэ хулгайчид гэж яриад байгаа томчуудынхны нэрсийг яагаад зарлачхаж болохгүй байгаа юм бэ?

Асуудал хуулийнханд бий. Тэд зарлахыг хүсэхгүй байгаа. Нэг жишээ дурдахад төмөр замын ТЭЗҮ-д нийт 18 зүтгүүрийг худалдаж авахаар төсөлд туссан байснаас 16 зүтгүүрийг л авсан. Тэр нь маш муу чанартай. Төмөр замын төслийн хүрээнд хоёр зүтгүүр нь хаашаа алга болсон нь бүү мэд. Нэг зүтгүүрийн үнэ 4.4 сая ам.доллар шүү дээ. Донгмион ХХК гэдэг Солонгосын компаниар ТЭЗҮ-г хийлгэсэн юм билээ. 400 сая ам.доллароор хэтрүүлсэн. Банкны төлбөрт л гэхэд 1.1 сая ам.доллар зарцуулдаг. Хүүгийн зардалд 120 сая ам.доллар гэж байгаа. Ингэж дансаар мөнгө угаасан байна. Энэ эзэн биетэй асуудал. Нэр цохвол Бодь интернэшнл гэдэг компани.

Би тус компанийн удирдлагаас 200 сая ам.долларын ажлын хөрөнгө оруулалтын талаар асуухад 54.7 сая ам.долларт нь ямар ч тайлбар өгөөгүй. Зүгээр л хувийнхаа мөнгийг гүйлгэсэн мэт ярьж байна лээ. Дээр нь энэ бүх нүүрсийг зарахдаа 13 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм. 100 ам.доллар тутмын 13 ам.долларыг энэ компани зүгээр л авч байгаа.

Бодь интернэшнл ХХК 2018 онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Жилийн дараа буюу 2019 онд 24.2 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон юм билээ. Энэ бол дампуурсан компанитай ижил нөхцөл байдалтай байна гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь 2020 онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашгаа дараад энэ шүү дээ. 2021 онд 140 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Компани ашигтай ажиллахад би баярлана л даа. Гэхдээ Монголын ард түмний боломжийг хумсалж олсон ашгийг бид өнөөдөр шударгаар ярих л ёстой.

Мөн дээр нь хүнд даацын авто машины дугуйнуудыг авахдаа чанар, хаяг шошго гээд бүгдийг нь хусаж байгаад авсан байгаа юм. Нэг дугуй 70 сая төгрөгийн үнэтэй. Тооцоход олон тэрбум төгрөгийн үнэтэй дугуй худалдаж авсан гэж тайлагнасан байсан.

Өвөр Монголын Хуа Ей аж үйлдвэр ХХК болон барилга машин, механизмын компанийн хамтарсан түншлэлээр гэрээгээр уул уурхайн авто экскаватор нийлүүлэх зөвхөн нэг гэрээ нь 881 тэрбум төгрөг байсан. Гэтэл нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанар муу. Хятадын түлшний компаниас 2022 онд 500 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэж гэрээг нь хийсэн байсан. Хагас коксожсон түлшээ одоо хэр нь аваагүй гэсэн тайлбарыг хийсэн. Энэ бүгд асуудал дагуулахаар байгаа юм. Би үнийн дүн, тоон мэдээлэл дээр зарим хэсэгт алдаа гаргасан байж болох ч нэг их хол зөрөхгүй.

-УЕП хамгийн сүүлд хэлэхдээ нүүрс нэвтрэлтийн тоон статистикийг тулгахын тулд зарим мэдээллийг Хятадын талаас авах шаардлага үүсэж хоёр ч удаа эрх зүйн туслалцаа үзүүлэх бичиг илгээсэн гэдэг. Хятадын тал одоо хэр нь тодорхой хариу ирүүлээгүй байна. Асуудал хоёр талд бий гэж зарим нь хэлж байна шүү дээ?

-Ийм байдалтай явсаар эцэстээ Хятадын талын буруу болгож хэрэг тохох гэж байгаа бол хуулийнхан бүгд хам хэрэгтнүүд байна гэж ойлгогдоно. Өнөөдөр дэлхий даяар нүүрс борлуулалт, үнэ ханш Олон улсын биржийн сайт дээр байдаг. Гэтэл манай экспертүүд энэ мэдээлэл нууц гэж дандаа худал ярьж байгаа юм.

-Түр хороо албан ёсоор татан буугдчихсан гэж ойлгох уу. Хуулиараа УИХ-д тайлангаа танилцуулаад татан буугдах ёстой атал өнөөдөр түр хорооны тайлан цаасан дээрээ л үлдэж байх шиг?

-Түр хорооны хугацаа дуусчихсан учраас татан буугдсан. Гэхдээ УИХ-д тайлангаа тавьж амжаагүй гэж ойлгох нь зүйтэй. Тайлан тавих боломжийг нүүрсний сонсголыг саатуулсан хуулийнхан хулгайлсан гэж хэлмээр байна.

- Танай түр хорооны хийж амжаагүй нүүрсний сонсголыг яг энэ чиглэлийг хариуцсан дахин шинэ түр хороо байгуулагдсан байна. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон. Нүүрсний сонсгол дахиад АТГ гэсэн автортой шалтгаанаар хийгдэхгүй байх юм биш биз гэсэн хардлага нийгэмд байна.Та хувьдаа үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Тийм. Саяхан ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тус Түр хорооны ажлын хэсэгт гишүүнээр оролцож байгаа. Сонсголыг заавал хийнэ. Хийхээс өөр гарцгүй гэдгийг эцэст нь онцолж хэлье.

Ярилцсанд баярлалаа

Б.Очирваань: Хүүгээ чадна гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн бол миний ээж
Б.Очирваань: Хүүгээ чадна гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн бол миний ээж
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.