Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирваань: Хүүгээ чадна гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн бол миний ээж

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
18 минут 28 секунд

Хөлбөмбөгийн галзуу улаан фанатууд бий. Өнгөрөгч оны долоодугаар сард “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын "галзуу" аяллын талаарх нийтлэл гарч байв. “Манчестер Юнайтед”-ын нэгэн монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явахыг зорьж байна..." хэмээн онцлох тус нийтлэлийн эзэн бол Б.Очирваань. Багаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэж, дээд лигт тоглож, энэхүү спортод "дурлаж" ирсэн тэрбээр шүтдэг клубийнхээ тоглолтыг үзэхээр Английн Манчестер хотыг зорих аялалд гарч байв. Тэрбээр саяхан зорьсон газартаа хүрч, өөрийн шүтээн хөлбөмбөгчин болох Уэйн Рүүнитэй уулзаж буй мөч нь олон хүний хайр, хүндлэлийг дагуулж байна.

Тэрбээр аялалд гарсныхаа дараахан аяллын сонин сайхан хийгээд сэтгэгдлээ хуваалцаж, манай сайтад өгч байсан ярилцлагыг нь сэргээн хүргэж байна.

-Аян замдаа сайн явж байна уу. Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Батболдын Очирваань гэдэг. 26 настай. Тавдугаар сарын 5-нд Английн Манчестер хот хүрэх дугуйтай аяллаа эхлүүлээд одоо БНХАУ-ын Шинжааны Или аймагт ирээд байна. Багаасаа мэргэжлийн хөлбөмбөгчин болж, алдарт Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубт тоглохыг хүсэж мөрөөддөг байсан. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхээр өөрийн хөлс хүчээ зориулсан энэхүү адал явдалтай аялалд гарсан. Түүнчлэн энэхүү аяллаараа олон мянган хүүхэд залууст хүсэл мөрөөдөлд нь багахан ч болов итгэл өгөхийг хүссэн.

-Аялалын тухай яриа дэлгэхээс урьтаад өөрийн тань аяллыг Манчестер Юнайтед багийн албан ёсны хуудас онцолсон талаарх сэтгэгдлийг нь хуваалцья гэж бодож байна. Өөртэй тань ер нь холбогдсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Туйлын их баяртай байна. Анх аяллаа эхлүүлэхдээ Манчестер Юнайтед багийн клубтэй хэрхэн холбогдох боломжтой талаар миний анхны тоглож байсан хөлбөмбөгийн клуб болох Баянгол FC багийн эзэн байсан Пол Ватсон гэх Англи залуугаас асуусан. Пол аяллын маань мэдээллийг аваад өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн юм. Жиргээндээ Манчестер Юнайтед клубтэй холбогдохыг хүсэж байгаа талаар бичиж, үүнд тусалж чадах хүмүүсийг хайж байгаа талаараа дурдсан байсан юм. Энэхүү мэдээлэл нь маш олон хүмүүст хүрч, нэг сарын хугацаанд Манчестер Юнайтед клубтэй холбоо тогтоож чадсан. Гурав хоногийн өмнө миний аяллын талаарх нийтлэл клубын албан ёсны сайтад тавигдсан. Манчестер Юнайтед клубтэй холбогдож аяллын талаар хуваалцаж байхдаа энэ нийтлэлийг тавигдана гэдгийг мэдэж байсан. Гэхдээ албан ёсоор нийтлэгдэхэд нь үнэхээр их баярлаж, мөрөөдлөө биелүүлчихсэн юм шиг мэдрэмжийг авсан. Гэхдээ миний эцсийн зогсоол бол Олд Траффорд. Зорилгодоо заавал хүрнэ. Одоо өмнөхөөсөө л илүү их урам зоригтой, эрч хүчтэй, хүсэлт тэмүүлэлтэй байгаа. Манчестер Юнайтед клубтэй холбогдсон маань миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Бас энэхүү аяллаар дамжуулан эх орноо Европт сурталчилж чадсандаа маш их баяртай байна. Аяллаа Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Манчестер Юнайтед багийн улаан өмсгөлтэй олон мянган фанатуудын өмнө дуусгана гэдэг итгэлийг тээн урагшилж байна.

-“Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр...” хэмээн онцолсон байсан. Таны аялал басхүү аялал тань тэдэнд хүрсэн явдал давхар давхар сэтгэл догдлуулам мэдээ байсан байх гэж бодож байна. Ер нь энэхүү аяллаа их удаан бодож төлөвлөсөн үү?

-Би өсвөр наснаасаа эхэлж хөлбөмбөг гэх спортод дурлаж, тоглож эхэлсэн. Энэ үеэс мэргэжлийн хөлбөмбөгчин болж Манчестер Юнайтед багт тоглоно гэх зорилгыг өөртөө тавьж явсан. Одоо тэрхүү мөрөөдлөө үзэгч, фанатын хувиар биелүүлэхээр явж байна. Энэхүү аяллаа хоёр жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн. Анх аяллаа эхлүүлсэн үеэс мөрөөдлөө биелүүлэхээр явж буй энэ замын минут, секунт бүрийг мартагдахааргүйгээр мэдрэхийг хүссэн. Аяллаа эхлүүлэхээс 14 хоногийн өмнө аялалд маань дугуй бүрэн төгс нийцэх унаа мөн юм байна гэж бодсон. Тэгээд шууд л аяллын дугуйгаа аваад, дугуйтай аялагчдыг хэрхэн яаж ачаагаа ачаалладаг, дугуйгаа бэлддэг талаар судалж, бэлтгээд л шууд замдаа гарсан даа. Аяллаа эхлүүлээд аль хэдийнэ 3 мянган километр замыг туулсан байна. Хоёр дахь улсын маань зам дуусах дөхөж байна. Энэ аяллыг эхлүүлсэндээ туйлын баяртай байгаа. Ер нь ямар нэгэн шалтаг шалтгаан, хүмүүсээс ирэх сөрөг үгсийг үл тоон аяллаа эхлүүлж чадсандаа баяртай байна. Аялал маань маш адал явдалтай, сонирхолтой болж байна. Өдөр бүр шинэ газар, шинэ зүйлс, шинэ найз нөхөд гээд л. Олон зүйлийг ч сурч мэдэж байна. Тун удахгүй гурав дахь улс руугаа орох гэж байна. Энэ утгаараа аяллаа амжилттай дуусгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Аялалд гарахад хамгийн их итгэл хүлээлгэсэн хүн бол миний ээж. Ээж минь байгаа болохоор аяллынхаа ард заавал гарна-

-Аялалд гарахад тань хамгийн их итгэл хүлээлгэж дэмжсэн хүмүүс хэн байсан бэ. Гэр бүлийнхэн, ойр тойрныхон нь хэрхэн хүлээж авч байсан талаар ярьбал?

-Аялалд гарахад хамгийн их итгэл хүлээлгэсэн хүн бол миний ээж. Ээж маань миний хүсэл мөрөөдлийг маш их дэмждэг, ойлгодог. Бүх зүйлийн минь ард байдаг ээждээ энэхүү ярилцлагаар дамжуулан баярлаж явдгаа хэлмээр байна. Ээж маань хэдийгээр аяллын талаар сонсоод санаа нь зовсон ч би ойлгуулж чадсан. Гэхдээ хүүгээ чадна гэдгийг хамгийн их мэдэж байсан хүн бол миний ээж. Ойр тойрныхон маань их дэмжсэн. Нөгөө талаараа маш их айсан байх. Ялангуяа Шинжааны нутгаар их аюултай гэж хэлж байсан. Гэхдээ бодит байдал дээр бидний бодсоноос тэс өөр ертөнц байгааг хэлмээр байна. Өв соёлоо хадгалж үлдсэн монголчууд маань монгол хэлээрээ ярьдаг. Яг л эх орондоо байгаа мэт санагдаж байна. Эдгээр хүмүүс ч надад маш сайхан хандаж, итгэл хүлээлгэж байгаа. Надад итгэл хүлээлгэсэн олон хүн байгаа учраас чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ээж минь байгаа болохоор аяллынхаа ард заавал гарна.

-Аялалд ганцаараа яваа юу. Эсвэл цуг явж байгаа хүмүүс бий юу?

-Аялалд ганцаараа явж байгаа. Цуг машин дагаж явдаг гэж бодсон хүмүүс ч бий юм билээ. Монголд явж байхад цуг яваа хүмүүс чинь хаана байгаа юм бэ гэж асуух хүмүүстэй ч таарсан. Замдаа хоёр удаа дугуйгаар аялж яваа хүмүүстэй таарсан. Гурав дахь өдрөө Италийн аялагч залуутай таарч гурав хоног цуг явсан. Хоёр дахь удаагаа дугуйгаар аялж яваа Хятадын залуутай тааралдаж Өрөмч хүртэл гурав хоног хамт явсан. Үүнээс бусад цаг үед ганцаараа аяллаа хийж яваа.

-Мэдээж хэрэг аялалд гарахаасаа өмнө бэлтгэлүүдээ сайн базаасан байх. Хувийн бэлтгэл тэр дундаа сэтгэл санаагаа хэрхэн бэлдсэн бэ. Хол замыг дугуйгаар туулна гэдэг амархан зүйл биш шүү дээ?

-Аяллынхаа бэлтгэлийг маш сайн базааж гарсан. Бэлтгэл тал дээр асуудал үүсээгүй. Биеийн байдал тал дээр ч тэр ялгаагүй. Багаасаа спортоор хичээллэсэн учраас өдөр бүрийн бэлтгэлтэй байдаг байсан. Энэ аяллын талаар байнга боддог байсан учраас сэтгэлзүйн тал дээр ч хүндрэл үүссэн зүйлгүй. Шантрах тухай бодол төрж байсангүй. Цаашид ч төрөхгүй байх. Өдөрт 100 бас түүнээс дээш километрийг туулж байгаа. Дугуйгаа унасаар өдөр тутмын дадал зуршил мэт болсон.

-Маршрутаа хэрхэн тогтоон явж байна вэ. Аяллын явцад гэнэтийн зүйлс, хүндрэлтэй асуудал тулгарч байна уу. Иймэрхүү зүйлс аяллыг илүү адал явдалтай болгодог шүү дээ?

-Аяллын явцад гарч байгаа хүндрэлтэй гэхээр зүйл нь дугуй маш их хагарч байгаа. Өдөрт 2-3 хагарна. Одоо дугуйгаа засаж, нөхөхдөө мэргэжлийн болж байна даа /инээв/. Маршрутаа Google map, commot зэрэг аппликейшн ашиглан тогтоон явж байгаа. Өдөр өдөрт нь яаж явах маршрутаа гаргаад түүнийхээ дагуу явдаг. Замын тал дээр асуудал байхгүй. Уйдах завгүй л явж байна даа.

-Манчестер Юнайтед багийн улаан фанат байх нь. Хэзээнээс дэмжиж эхэлсэн бэ. Хэчнээн үнэнч шүтэн бишрэгч нь байлаа гээд ийм шийдвэр гаргаж зорино гэдэг хэр баргийн хүнээс гархааргүй зориг гэж харж байна. Бусад фанатууд нь ч мөн адил өөртэй тань холбогдож аяллын талаарх сэтгэгдэл илгээж байна уу?

-2010 оноос хойш Манчестер Юнайтед клубийг дэмжиж эхэлсэн. Энэ багийн түүх, уламжлал, гайхалтай тоглолт, гайхалтай амжилтууд тус багийг дэмжих шалтгаан болж өгсөн. Миний дэмждэг байсан хөлбөмбөгчин бол Уэйн Рүүни. Одоо зодог тайлчихсан байгаа. Үнэхээр гайхалтай тоглогч. Гайхалтай сэтгэлзүйтэй, дайчин нэгэн. Энэ зан чанарууд нь надад таалагдсан. Манчестер Юнайтед клубийн тоглолтуудыг алгасалгүй үзэж, биширч тэр тусмаа энэ багийн төлөө тоглох хүсэл тээж ирсэн.

Өмнө хэлсэнчлэн одоо тэрхүү мөрөөдлөө үзэгч фанатын хувиар Олд Траффорд цэнгэлдэхэд тоглолтыг нь үзэж, гайхалтай уур амьсгалыг нь мэдрэхээр явж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Аяллаа эхлүүлэх зориг маань миний хүсэл мөрөөдлөөс улбаалж гарсан. Тууштай зүтгэж, хичээж чадвал ямар ч хүсэл мөрөөдөл байсан түүндээ хүрч чадна.

Надтай Манчестер Юнайтед багийн Европын фанатууд их холбогдож байгаа. Өөрсдийгөө танилцуулаад маршрутыг маань асууж, өөрийн байгаа хотод нь ирвэл холбогдоорой гэсэн зурвасыг их илгээсэн байсан. Хайртай байгийнхаа төлөө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийгээд өдөр бүр түүндээ 100, 100 километрээр ойртож буйдаа баяртай байна.

-Хамгийн хүнд хэцүү цагт надад тусалсан хүмүүс намайг мөрөөдлөө авч үлдэхэд тусалсан-

-Нийтлэлд өнгөрсөнд өөрт тань тохиолдож байсан хуурамч агентад залилуулж байсан үеийн үйл явдлыг бичсэн байсан. Энэ нь маш олон уншигчийн сэтгэлийг хөдөлгөж, тийм зүйл тохиолдсон хэдий ч тамирчныхаа хувьд басхүү шүтдэг багийнхаа үнэнч фанатын хувьд ийм алхам хийсэнд тань олон хүн баяр хүргэсэн байсан. Хэрэв та татгалзахгүй бол тухайн үед болсон явдлын талаар та бидэнд товчхон ярьж өгч болох уу?

-Их хүнд сэдэв л дээ. Гэр бүл маань намайг таван настай байхад нь Төв аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан. Ихэнх өсвөр настны адилаар Playstation-р FIFA тоглож, ах нар Манчестер Юнайтед багийн талаар ярьж өгдөг болсноор энэ багийн хөгжөөн дэмжигч болж, Уэйн Рүүни шиг болохыг мөрөөдөн, хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. 16 настай байхдаа "Баянгол" хөлбөмбөгийн багтаа тоглож эхлээд 2015 онд сонирхогчдын цомын тэмцээнд түрүүлсний дараагаар үндэсний дээд лигт дэвшсэн. Тэр үед фейсбүүкээр дамжуулан Америкт байдаг гэх нэгэн агент холбогдож, Лос Анжелес Галакси багийн сонгон шалгаруулалтад оролцох санал тавьсан бөгөөд үүний тулд 6 мянган ам.доллар төлөх ёстой гэж байсан. Шаардсан төлбөрийг төлсний дараа агент гэнэтхэн л холбоо тасарсан. Хамгийн хүнд асуудал нь гэрээ барьцаалж зээл авсан байсан тул орон гэргүй болох аюултай нүүр тулж ч байсан. Дасгалжуулагч Пол хандивын аян явууулсан.

Хандив босгох ажиллагаа, хүмүүсийн урам өгсөн үгс надад итгэлийг минь эргүүлэн авчирсан.

-Та одоо ч хөлбөмбөг гэх энэ спортод үнэнч үлдэж. Мөрөөдлийг тань авч үлдэхэд юу тусалсан гэж та боддог вэ?

-Энэ спортод орсон л бол буцаж гарахад хэцүү. Миний мөрөөдөл маш хүчтэй байсан. Дэлхийн хэмжээний клубуудэд тоглож чадна гэх хүүхэд насны итгэлээ маш удаан хадгалсан. Яг үнэнийг хэлэхэд, одоо бол том хэмжээний клубуудэд тоглоно чадна гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ хөлбөмбөгөө орхихгүй. Үргэлж тоглоно. Хамгийн хүнд хэцүү цагт надад тусалсан хүмүүс намайг мөрөөдлөө авч үлдэхэд тусалсан. Миний гэр бүл, ойр тойрныхон гээд надад итгэсэн хүмүүсийн итгэлийн алдахыг хүсээгүй. Энэ хүмүүс байгаагүй бол энэ аялал тэр байтугай би хөлбөмбөгт ч байхгүй байсан байж магадгүй.

-Аялалын явцад өөртөө амралт хэр өгч байна вэ. Цаг агаарын хувьд таагүй үеүдтэй их нүүр тулж байгаа байх. Замдаа майхан барьж байрлаж яваа юу?

-Өөртөө амралт их өгч байгаа. Ялангуяа Шинжаанд ирээд Монголчуудтайгаа уулзаад явж байгаа. Монголчууд байгаа газарт нэг хоног амрах байдлаар явж байна. Байхгүй тохиолдолд шууд өдөр өдөртөө явдаг. Казахстан улсын нутаг дэвсгэр рүү ороод гурав хоног яваад нэг өдөр нь амрах байдлаар явна гэсэн бодолтой байгаа.

-Манчестер Юнайтедын фанатууддаа хандаж хэлэхэд, тун удахгүй хайртай багийнхаа гайхалтай цэнгэлдэхээс мэндчилэх болно оо-

-Зорьсон газраа хүрэхэд хэдэн км зам үлдсэн байна вэ?

-Одоо 10 мянган километр зам үлдсэн. Анх 12800 километр гэж төлөвлөж байсан. Түүнээс 3 мянган километрийг туулсан байна.

-Улаануудын тоглолтыг үзэхээс гадна өөр хийхээр төлөвлөсөн зүйл, магадгүй өөр хүлээлттэй зүйл байна уу?

-Тоглолтыг нь үзэхээс гадна багийн домогт тамирчин, дасгалжуулагчтай уулзах зэрэг олон хүлээлтүүд бий. Хүлээлтэд байгаа зүйлсээ биелүүлж чадна гэсэн итгэлтэй байна. Бас хичээх хэрэгтэй. Сошиал аккаунтуудаа сайн хөгжүүлж, Манчестер Юнайтед багийг төлөөлж чадахуйц хэмжээнд хүрч чадвал олон гайхалтай боломжууд нээгдэнэ. Тэрхүү боломжуудыг ашиглахыг хүсч байна. Би өөрөө эх орондоо хөлбөмбөгийн сургууль нээх бодолтой байгаа. Түүндээ Манчестер Юнайтедаас дэмжлэг авах хүсэл бий.

-Ярилцлагын төгсгөлд манчестрын фанатууд болоод хүсэл зорилгынхоо төлөө итгэл алдахгүйгээр зорихын тухайд залуустаа хандаж юу хэлмээр байна. Өөрөөс тань үлгэр дууриалал авч байгаа олон хүүхэд залуус байгаа гэдэгт итгэлтэй байна?

-Заавал мөрөөдөлтэй байгаарай. Түүнийхээ төлөө үйлдэл гаргаарай. Хамгийн эхний алхмыг хийж чадвал дараа дараагийн алхам чинь амархан байх болно. Хүүхэд залуустаа хандаж хэлэхэд, маш томоор мөрөөд. Түүнийхээ төлөө үнэнчээр, тууштай яваад л бай. Эхний алхмыг хийчихсэн бол заавал оргилд нь гарч, эцсийг нь үзэж чадна. Манчестер Юнайтедын фанатууддаа хандаж хэлэхэд, тун удахгүй хайртай багийнхаа гайхалтай цэнгэлдэхээс мэндчилэх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

Монголын Рүүни очиж явна...

Түүний аяллын талаарх Манчестер Юнайтедын албан ёсны сайтад байршсан нийтлэлийг энд дарж унших боломжтой.

Хурдан морины уралдааныг олон машин дагадаг байдлыг болиулах САНААЧИЛГА ГАРГАЖЭЭ
Хурдан морины уралдааныг олон машин дагадаг байдлыг болиулах САНААЧИЛГА ГАРГАЖЭЭ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.