Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 11 сая 926 мянган хүн өвчилж, 545 мянган хүн нас барсан байна. Одоогоор 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 193 мянган хүн шинээр өвчилж 5 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 46 мянган тохиолдол, Бразилд 45 мянган тохиолдол, Энэтхэгт 24 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6368 хүн шинээр халдвар авч 198 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриадад 34 тохиолдол, Читид 72 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 172 иргэн ирсэн. Бага насны хүүхэдтэй 90 хүн, өндөр настай 14, эрүүл мэндийн шалтгаантай 42 иргэн ирсэн. Эдгээр хүмүүсийг холбогдох буудлуудад байршуулсан.
Манай улсын хувьд өчигдөр 52 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 215 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2995 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.
Цэргийн төв эмнэлэгт 91 хүн эмчлэгдэж байна. 6 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 42 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 157 дуудлага ирж эмнэлзүйн шинж тэмдэг зөвлөмжийн талаар мэдээлэл авсан. Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, Швед улс оронд буй монгол хоёр иргэнээс дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн мэдээлэл авсан.