Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Ардын намынхны Хөгжлийн банкны хэргийг ХААХ сонирхол ба прокурор хүн хэлмэгдүүлчихсэн үү, шүүх ял завшуулчихав уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 21 секунд

Бид хууль, шүүхийн салбарыг дампуурсан гэж үргэлж ярьдаг л болохоос яг яаж дампуурсныг нь хүн бүр нүдээр үзэлгүй өдий хүрэв. Азаар өчигдөр Хөгжлийн банкны шүүх хурлын ачаар бид үнэнтэй нүүр тулж, шүүх болон прокурорын байгууллагууд өөрсдөдөө дүн тавьцгаав. Ер нь шулуухан хэлэхэд Хөгжлийн банкны шүүх хурал ихээхэн дампуу болоод дууслаа. Тэр нь буруудсан, тэр нь цагаадсан гэж яривал хүрээний бузар шиг л юм болно. Харин эцсийн дүндээ хуулийн байгууллага хүмүүсийн хувь заяатай холбоотой асуудлыг яаж шийддэг. Шударга ёсны асуудалд яаж ханддагаа яруу тодоор харуулсан талаар яръя.

Үр дүнд нь МАН-ынхан илүү азаартсан хэдэн нөхдүүдийг золигт гаргаснаар үйл явц дуусч байх шиг байна. Тэгвэл Хөгжлийн банкны дампуу шүүх хуралтай холбоотой зарим нэг дүгнэлтүүдийг хамтдаа эргэцүүлцгээе.

НЭГ, Ардын намынхан өөрсдөө холбогддог Хөгжлийн банкны хэргийг ХААХ сонирхолтой байна

Монголын түүхэнд хэлмэгдүүлэлтийн үеэс хойш ингэж олон хүнийг нэг дор, нэг асуудлаар шүүж байсан тохиолдол үгүй. Ер нь эрүүл ухаанаар бодоод үзэхэд 80 хүний хэргийг нэг дор шүүнэ гэдэг утгагүй бөгөөд процесс талаасаа эрсдэлтэй байсан. Монгол хэдэн өмгөөлөгчтэй билээ. Хэдэн шүүгчтэй билээ. Нөгөө талаас Хөгжлийн банкны хэргийн үйл явц 2013 оноос 2020 хүртэл бараг долоон жил үргэлжилсэн. Цаг хугацаа хугацааны хувьд хоорондоо асар зөрүүтэй, харилцаа хамааралгүй. Жишээлбэл, Н.Мөнхбат нарын 2013 оны үеийн хэрэгтэй 2016 онд хамаарах Ё.Баатарбилэгийн хэргийг хамт шүүнэ гэдэг утгагүй. Тиймээс цаг хугацааны хувьд хоорондоо хамааралгүй 80 хүн, 4 хуулийн этгээдийг шүүх хурлыг нэг дор зохион байгуулна гэдэг нь анхнаасаа улс төрийн зүгээс Хөгжлийн банкны хэргийг нарийн шүүх хүсэлгүй байсны илрэл юм. Хэрвээ Хөгжлийн банкны хэргийг үнэхээр ус, тосоор нь ялгаж буруутай, буруугүй гэдгийг нь тогтоохыг хүссэн бол 80 хүний асуудлыг тус бүрд нь ярьж нарийн хэлэлцэх байлаа. 80 хүний хэргийг 47 өдөр шүүчихээр олон нийт, хэвлэлийн сонирхол хүртэл гурав дахь өдрөөс нь эхлээд шахуу буурсан. Шүүх танхимд хэний ямар асуудал яригдаж байгаа нь ойлгомжгүй болсон. Улс төрийн зүгээс яг л үүнийг хүссэн нь тодорхой.

Тэгвэл яагаад Ардын нам улс төрийн сенсааци тавьсан Хөгжлийн банкны хэргийг нарийн шүүх сонирхолгүй байгаа вэ гэдэг асуулт бидний өмнө гарч ирнэ. Яагаад гэвэл 2012-2016 онд сөрөг хүчний дүрээр Ардын намынхан саарал ордонд ч, гудамжинд ч тухайн үеийн олонх байсан АН-ын үйл тамыг үзсэн. Энэ хэрээрээ олонх сөрөг хүчиндээ багагүй тал зассан түүхтэй. Үүний нэг нь Хөгжлийн банкны зээлээс Ардын намын маш олон гишүүд, сайд дарга нар хувийн компаниараа зээл авсан. Одоо зарим нь үйлдвэрээ барьж, үүргээ гүйцэтгэсэн ч цаана нь жижиг компаниудаа оруулсан МАН-ынхан шуудай, шуудайгаараа бий. Хотод хэрэгжсэн “Гудамж төсөл”, хөдөөд хэрэгжсэн замын төслүүд, “888 төсөл” гээд бондын мөнгө рүү Ардын намынхан АН-аас дутахгүй хуруу, хумсаа дүрсэн. Өнөөдөр гэхэд л Ё,Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин гээд УИХ-ын гурван гишүүн нь шүүгдсэн. Тиймээс өнөөдөр МАН-ынхан Хөгжлийн банк гэдэг улс төрийн сенсаацийг улс төрийн хувьд хэнд ч хэрэгцээгүй болсон, болоогүй хэдэн хэдэн хүнд ял өгснөөр шүүх хурлыг шууруулаад дуусахыг хүсэж байна.

Угтаа бол 80 хүний шүүх хурлыг нэг дор хийж заваарах биш нэг, нэгээр нь шүүж үнэн мөнийг нь нарийн ухаж олох ёстой байлаа.

ХОЁР. Хууль, шүүхийнхэн өөрсдийгөө хэрхэн ялзарснаа зарлалаа

Тэднийг ялзарсан, дампуурсан гэж дүгнээд байгаа нь заавал 80 хүнийг гэм буруутайд тооцож ял өгөх ёстой гэсэн үүднээс биш юм. Прокуророос 80 хүнийг Хөгжлийн банк дээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийг нь хянаж үзээд 48 хүнийг нь гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэв. 32 хүн нь гэмтэй болж үлдлээ. Талаас илүү буюу 60 хувь нь гэмгүй болж байгаа яг энд л хууль, шүүхийн хамгийн том асуудал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өчигдөр нэг бол шүүх ял завшуулчихлаа. Эсвэл прокурор хүн хэлмэгдүүлчихсэн байсан байна. Шүүхийн практикт прокурорын яллах дүгнэлт шүүхийн шийдвэр хоёр байнга яг таг нийцдэг зүйл байхгүй. Харин Хөгжлийн банк дээр прокурор, шүүхийн дүгнэлт хоёр 60 хувиар зөрчихлөө. Энэ бол үнэхээр том “махны” машин прокурор, шүүх хоёрын аль нэг дээр эргэлдэж буйгийн шинж.

Сүр дуулиантай баривчилгаа зохион байгуулаад л хэвлэлээр баахан хүнийг яллаад байсан яг үнэн хэрэгтээ Ж.Бат-Эрдэнээс эхлээд маш олон хүнийг шүүх гэмгүй гэж үзлээ. Энэ бүхний дараа шүүх, прокурорын яг хэнд нь итгэх вэ.

Г.Лхагвадорж

С.Баяр: Бидний үед англи хэл байтугай Англи-Канад-Австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв
С.Баяр: Бидний үед англи хэл байтугай Англи-Канад-Австралийн том хөрөнгө оруулалтыг хуульчлан хэрэгжүүлж чадаж байв
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.