"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.
Тус зүйл ангиудад, хүнийг санаатай алах, худал мэдээлэл тараасан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зүйл заалтууд багтаж байна.
Харин түүний өмгөөлөгч О.Батсүх "Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.