УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдалтын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Намайг эмч байхад Монголын төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн эндэгдлийг бууруулах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байсан. Үндэсний хэмжээний бодлого хөтөлбөр байснаараа салбар дундын оролцоо сайжирдаг. Гэтэл энэ хөтөлбөрүүдийг 2020 онд хүчингүй болгочихсон. Тиймээс одоо бид зөвхөн эрт илрүүлэг, түүний санхүүжилт яриад сууж байх уу, дахиж стратеги хөтөлбөр батлуулах уу. Энэ гарцаагүй байх ёстой зүйлүүд байгаа байхгүй юу.
Хоёрдугаарт 2022 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралт нийт 225 тохиолдол бүртгэгдсэн. үүнээс ковид 142, сүрьеэ 66, төрөлхийн тэмбүү 6, ДОХ нэг байгаа. Энэ бол зөвхөн суманд шүү. Би урьд нь ЭМ-ийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн дарга нартай уулзаад нууцын зэрэглэлтэй асуудлууд ч байна. Сум орон нутгийн түвшинд судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгааг хэлж байсан. Гэтэл үүнийг хийгээгүй. Энэ талаар ямар арга хэмжээ авсан бодлого баримтлах вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдтэй холбоотой асуудал Хөгжлийн бодлого төлөвлөлттэй тухай хуультай холбоотой. Нярайн болон эхийн эндэгдэл сүүлийн жилүүдэд харьцангуй өсөлт өндөр гараагүй байна лээ. Гэхдээ нэг дутагдалтай зүйл нь дорвитой буурахгүй байгаа. Тиймээс эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлд Засгийн газарт асуудал оруулж стратеги чиглэл батлуулж арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид бид хоёр зүйл дээр анхаарал хандуулах шаардлагатай юм билээ.
Нэгдүгээрт халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэхтэй холбоотой асуудлууд гүйцэтгэлийн санхүүжилтээр явах нь агуулга зарчимд бүрэн нийцэхгүй байгаа. Тиймээс халдварт өвчинтэй тэмцэх, асуудлыг нийгмийн эрүүл мэндийн асуудал гэж үзээд шууд улсын төсөвт төвлөрүүлдэг байх тогтолцоо руу орж явахгүй бол дангаараа гүйцэтгэлийн санхүүжилтээр шийднэ гэдэг ойлголт өрөөсгөл юм.