Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 28 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг ЭЦЭСЛЭН БАТЛАХ санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 82.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

-ДНБ-ий өсөлт 6.5 хувь, үнийн өсөлт 7-6 хувь руу буурна-

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ний бодит өсөлт 2026 онд 6.0 хувь, 2027, 2028 онд 6.5 хувьтай тус тус тэнцэхээр, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026-2028 онд 0.0 хувьтай тус тус тэнцэхээр төсөөлсөн байх бөгөөд Засгийн газрын өрийн хэмжээг 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай тэнцэхээр тусгасан байна.

Энэхүү төсөөллийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээг тооцоолоход, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026 онд 40.7 хувь, 2027 онд 40.2 хувь, 2028 онд 40.4 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд туссан дүнтэй нийцэж буй аж.

Түүнчлэн, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3 хувь, 2027-2028 онд 2 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх хуулийн шаардлагыг хангаж байна үзжээ.

Мөн нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээг 2026 онд ДНБ-ий 24 хувь, 2027 онд 23 хувь, 2028 онд 22 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасны дагуу нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг хангаж байна гэжээ.

-Засгийн газрын өр ДНБ-ий 45-50 хувь байна-

Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027 онд 45 хувь, 2028 онд 45 хувь байхаар тооцжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож, тусгасан байна.

Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой аж. Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувь байхаар тусгаад байна.

Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33,479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35,628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39,086.0 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шаттай буурч, дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдалгүй байхаар төлөвлөжээ.

ЧУУЛГАН: Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагааг ХОРИГЛОХ хуулийн төсөл батлагдлаа
ЧУУЛГАН: Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагааг ХОРИГЛОХ хуулийн төсөл батлагдлаа
 
Маргааш буюу “Хүүхдийн баяр“-аар Төв талбайд ямар арга хэмжээ болох вэ
Маргааш буюу “Хүүхдийн баяр“-аар Төв талбайд ямар арга хэмжээ болох вэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!