Өнгөрөгч баасан гарагт УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүдийг тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн авч уулзаж бэсрэг дайллага зохион байгуулсан. Энэ үеэр дараагийн Засгийн газрыг байгуулах, аймаг орон нутагтаа ялалт байгуулсан дарга нарт дараагийн шатанд хэрхэн улс төрийн дэмжлэг үзүүлэх зэрэг багагүй асуудлаар санал солилцсон байна.
МАН-ын дүрэм ёсоор аль нэг сонгуульд ялагдал хүлээсэн бол хоёр жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн зохицуулалттай. Учир нь бусдынхаа боломжийг хугаслан байж нэр дэвшсэн хүмүүс өөрт оногдсон боломжоо алдчихаад дахиад бусдынхаа боломжоос зулгаана гэдэг шударга бус хэрэг билээ.
Тийм ч учраас УИХ-ын сонгуульд ялагдсан хүлээсэн О.Батнасан, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат зэрэг цөөнгүй экс гишүүд өөрсдийн хүсэлтээр ямар нэг албан тушаалд очихгүй гэж байр сууриа илэрхийлжээ.
Харин аймагтаа ялагдчихаад сайд, дэд сайд болох гээд дарга нарын өрөө хэсч яваа цорын ганц хүн нь Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан байлаа. Энэ удаагийн сонгуульд түүнийг “замбараагүй их мөнгө цацсан” гэдэг ч аймагтаа хүлээн зөвшөөрөгдөж чадалгүй өвдөг шороодсон. Гэтэл тэр хариуцлагаа хүлээж байраа тавьж өгөхийн оронд харин ч аймгаа хаяад хотруу ирж сайд дарга болно гээд явж байгаад нутгийнхан нь ундуйцаж байна.
Үе үеийн засгийн газар үндэсний цөөнх казак түмнийг төлөөлж сайд, дэд сайдтай ажиллаж ирсэн. Харин энэ квотод эзэн суухаар үхэн хатан зүтгэж яваа хүн нь казак түмнээсээ итгэл хүлээж сонгогдож чадаагүй байх нь хэр зохистой вэ?
Түүнчлэн МАН-аас нэр дэвшсэн 6 аймгийн засаг дарга ялалт байгуулсан бол ганцхан А.Гылымхан л ялагдсан. Тэрээр хамт нэр дэвшигч Х.Баделхан, Б.Аубакир нартайгаа хамтарч ажиллаагүй хувийн тоглолт хийж явсан учраас л ялагдсан гэж өлгий нутгийнхан ярьж байна. Энэ мэдээ МАН-ын дарга, удирдлагуудын чихэнд хүрч түүнтэй уулзахгүй зугтаасаар байгаа ажээ. Харин А.Глымхан намын дарга нартай уулзахаар өрөөнөөс өрөө дамжин урд хойгуур нь гүйсээр л байна.