БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэрэгт сэжиглэгдэн тус улсад саатуулагдаад буй. Тодруулбал, тэрбээр орчуулга хийж байсан 24 настай монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа юм.
Тэгвэл уг хэргийн талаар "Өдрийн сонин"-ий өнөөдрийн дугаарт "Тухайн өдөр Монголын урлаг соёлын уран бүтээлчид багахан хэмжээний концерт тогложээ. Концертын дараа хоёр талын хүлээн авалт болсон. Ингээд тэд буудалдаа ирж, Л.Мөнхбат Монголын талын уран бүтээлчидтэй дахин сууж согтуурулах ундаа уужээ. Энэ албан бус уулзалт хоёр, гурван цагт үргэлжилсэн бөгөөд хохирогч бүсгүй ч байсан гэнэ. 04.00 цагийн үед уран уран бүтээлчид өрөө өрөөндөө орцгоож, Л.Мөнхбат орчуулагч бүсгүйг өрөөндөө авч үлдсэн байна.
Удалгүй бүсгүй буудлын өрөөнөөс гүйн гарч ирж, тусламж ирэн орилжээ. Ингэснээр буудлын ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. 05:00 цагийн үед цагдаа нар ирж, буудлын өрөөнд үзлэг нэгжлэг хийн, хохирогч бүсгүйгээс зарим зүйлийг тодруулсны дараа Л.Мөнхбатаас тодруулга авчээ. Тэрбээр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол гаргасан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, “Юу ч санахгүй байна, “Би буруугүй” гэсэн тайлбар өгчээ.
Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Л.Мөнхбат нь арга хэмжээнд оролцоод зогсохгүй, “Чэжү хотын хүндэт иргэн” хэмээх шагналыг авах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр мэдүүлэг авсан. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж" гэжээ.
Б.Дашмаа