Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул: Шударга өрсөлдөөнийг хангахын тулд ШУДАРГА БУС зүйлтэй гүнд нь орж ТЭМЦЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 49 секунд

ШӨХТГ-ын дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

"ШӨХТГ эхлээд дотроо цэгцрэх шаардлагатай байна"

-Та ШӨХТГ-ын даргаар томилогдоод долоо ч хоноогүй байна. Ажилтайгаа хэр танилцаж байна. Ажлаа юунаас эхэлье гэж төлөвлөсөн бэ?

-Би ажилдаа ороод яг тав хонож байна. Ямар ч гэсэн байгууллагынхаа өмнө нь хийж байсан ажлуудтай танилцаад ямар хуулийн орчинд хэрхэн ажиллах ёстой вэ гэдгээ судалж, стратеги төлөвлөгөөгөө гаргаж эхэлж байна.

Уг нь манай байгууллага 36 хүний орон тоотой юм билээ. Одоогийн байдлаар 23 хүн л ажиллаж байна. Улсын төсвөөс санхүүждэг атлаа төсөв нь дуусчихсан байх жишээтэй /инээв/. Намайг томилогдож ирэхээс өмнө хуучин байраа чөлөөлж ЭЗХЯ-нд өгөхөөр болж, БХБЯ руу нүүж ирээд сар орчим болж байгаа аж. Эхлээд дотоод асуудлуудаа судалж үзээд өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлж үр дүн гаргахын төлөө ажиллана гэсэн бодолтой байна.

Дашрамд хэлэхэд, Манай энэ агентлагаас зарим нь давамгай байдалтай монополь аж ахуйн нэгжүүд, цаашлаад хэрэглэгчийн эрхийг хөндсөн, зах зээлийн зүй бус тоглолт хийсэн ААН-үүдэд тавьсан акт, зөрчлийн торгууль дээр төвлөрч ажиллахаар төлөвлөөд байна.

Одоогийн байдлаар 31 хэрэг шүүхэд байна. Манай хуулийн хэлтсийнхэн байнга л шүүх хуралд явчихдаг юм байна.

-23-хан хүний бүрэлдэхүүнтэй ШӨХТГ бүхэл бүтэн дотоодын зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангаж, хяналт тавьж ажиллаж барах уу? Ажлын чанар, бүтээмжийн хувьд та юу гэж бодож, цаашид яах ёстой гэж төлөвлөж байна?

-Өрсөлдөөний тухай хуульд зааснаар манай агентлагийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх эдийн засгийн баталгааг төр хангаж өгөх үүрэгтэй юм билээ.

Одоогийн байдлаар өрсөлдөөнийг хангах, хяналт тавих, иргэн, ААН-ээс ирсэн гомдлыг шийдвэрлэх процесст 10 байцаагчтайгаа тулж ажиллаж байна. Гэтэл өрсөлдөөний зах зээлд үүсэж байгаа асуудал их байхын хэрээр ажилчдын ачаалал их болчихдог. Иймэрхүү байдлаар цааш явбал бид бодит үр дүнд хүрч ажиллаж чадахгүй. Ойрын хугацаанд төсөвт тодотгол хийх асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж байгаа. Түүнд миний бие агентлагийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээс эхлээд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар санал хүргүүлсэн байгаа. Бичгийн цаас ч авч хүрэхээргүй төсөвтэй байна шүү дээ. Гэхдээ энэ асуудал дэмжигдэх үгүй нь мэдэхгүй юм. Би өөрөө Сангийн яаманд ажиллаж байсан болохоор төсвийн онцлог, хүндрэлүүдийг сайн ойлгож байгаа.

Нөгөө талаараа зах зээлийн өрсөлдөөнийг шударга байлгах, ААН-үүдэд эрх тэгш боломж олгож, хяналтын нь тавьж явахад төсөв маш их чухал юм байна лээ. Хамгийн наад зах нь авлигаас ангид, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлж байж энэ агентлаг шударга бус зүйлтэй тэмцэж чадна шүү дээ. Энэ утгаар нь харж төсөвт анхаарал тавих болов уу гэж найдаж сууна.

"Надад том хариуцлага хүлээлгэсэн тул ухрах зам үгүй болсон"

-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд удалгүй ШӨХТГ-т ирлээ. Төрийн албанд орох гэсэн бодолгүй байна гэж та өмнө нь ярьж байсан. Гэхдээ л таныг дахин нэг хариуцлагатай албанд томиллоо шүү дээ. Та үүнийг ямар байдлаар хүлээж авч байгаа вэ?

-Мэдээж маш их хариуцлагатай байхыг шаардсан ажил. Засгийн газраас надад энэ ажлыг даалгаж өглөө. Тиймээс нэгдүгээрт миний хийх ажил бол аливаа нэг ААН-ийг торгож дарамтлахаас илүүтэй зах зээлийн цэвэр өрсөлдөөний орчныг хангаж өгөх зорилгыг тээх болсон.Тиймдээ ч надад ухрах зам үгүй гэж хэлж болно.

Нөгөө талаараа намайг эдийн засагч хүний хувьд зах зээлийн эдийн засгийн зүй бус схемийг арилгах, зөв голдиролд нь оруулах чиглэлд анхаарч ажиллаасай гэсэн том үүрэг даалгавар гэж хүлээж авсан.

"Тендертэй холбоотой 180 гаруй гомдлын 60 хувь нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК-д хамаарч байна"

-Ковидын хүнд жилүүдэд дотоодын гэлтгүй дэлхий дахинд эдийн засгийн их хямралд өртсөн. Өнгөрсөн онд Монгол Улсын инфляц түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ буюу 16 хувьд хүрсэн. Одоо хэдийгээр буурч байгаа ч бараа материал, тээврийн үнэ өндөр хэвээрээ л байна. ШӨХТГ зах зээл дэх бараа ажил, үйлчилгээний үнийн хөөсрөлтийг бодит түвшинд бууруулж, ААН-үүдийн тэгш өрсөлдөөнийг хангаж ажиллахад юу хийх шаардлагатай байна гэж дүгнэх вэ?

-Одоогийн байдлаар манайд монополь, болон давамгай байдалтай 160 гаруй аж ахуйн нэгж байна. Эдгээр ААН-үүд зохиомлоор үнэ өсгөж буй эсэх асуудалд манай агентлаг хяналт тавих үүрэгтэй. Нөгөө талдаа бид бусад зах зээлд иймэрхүү нөхцөл байдал байж болзошгүй гэсэн асуудалд шалгалт оруулж, судалгааг хийсний дүнд тодорхой ААН-үүдийг тийм статустай болгоод хяналтдаа оруулах боломжтой юм билээ.

Гэхдээ судалгаанууд нэлээд цаг авдаг учраас нэг салбарын асуудлыг судлахад тал бүрээс тооцоо судалгаа, мэдээллийг гаргуулж авах гэж их л ажил болдог юм байна..

Үүний хажуугаар манайд хянагддаг өөр нэг зүйл нь тендерийн техникийн нөхцөлүүд дээр ямар нэг алдаа байгаа эсэхийг хянаж шалгаад зөрчлүүдийг арилгаад явах чиг үүрэгтэй.

-Таныг ШӨХТГ-т ирэхээс өмнө энэ талын зөрчлүүд хэр их гарч байсныг судалж үзэв үү. Яг зах зээлийн зарчмаараа шударгаар сонгон шалгаруулалтууд хийгдэж чадсан уу?

- Тендертэй холбоотой гомдлууд маш их ирдэг юм байна. Өдөрт бараг 3-7 гомдол ирж байна. Энэ талын санал гомдлыг хүлээн авч зөрчил дутагдлыг арилгуулахад ажилладаг нэг л байцаагч байна. Тэр хүн маань бүх гомдлуудыг хянаж шалгаад шаардлагатай гэвэл хуулийн байгууллагатай хамтарч ажиллах, үгүй бол хариуцсан газрууд руу нь мэдээллийг нь явуулдаг.

Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн 2022 онд нийт 180 гаруй тендертэй холбоотой гомдол манайд ирж шийдвэрлэгдсэн байна. Эдгээр гомдлын 3/2 нь шахуу зөвхөн хоёр компани дээр ирсний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нөгөө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендертэй холбоотой маргаан байна.

Энэ асуудалд анхаарал хандуулж судалгаа хийгээд эхэлчихсэн явж байна. Яг ямар төрлийн нөхцөлүүд дээр гомдлууд их ирж, зөрчил гарч байна вэ гэдгийг шалган тогтоохын тулд эхлээд сайн судлах шаардлага үүссэн. Дараа нь зөрчлийг арилгуулж, засаж залруулах чиглэлд тухайн ААН-үүдэд албан шаардлага удахгүй хүргүүлнэ. Нөгөө талдаа манай агентлагийн нэг чиг үүрэг нь яг энэ чиглэлд гомдол гаргагч ААН-үүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм билээ. Бид цаашид аль болох чөлөөт өрсөлдөөний зах зээлээ булаалгасан, хохирсон ААН-үүдтэй нээлттэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Миний хувьд зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг иргэн, ААН-үүдэд хангаж өгөхийн тулд гажуудсан хууль эрхзүйн орчин, дүрэм, журмаас авхуулаад сууриас нь эхэлж цэгцлэх ёстой гэж боддог. Тиймээс бодитоор оршиж байгаа чөлөөт зах зээлд үнэхээр шударга өрсөлдөөн бий юу. Байгаа бол ямар салбарт илүү их ажиглагдаж байна. Үр нөлөө нь юу байна гэдэг оношийг эхэлж тавих нь чухал.

Дараа нь асуудлыг углуургаар нь цэгцлэх гэж оролдоно доо. Түүнээс биш өнөөдөр ирсэн хэн нэгний гомдлын мөрөөр аль нэг зөрчил гаргасан ААН-ийг торгоод явдаг. Маргааш нь тэр зөрчил давтагдаж л байдаг аргацаасан ажил хийе гэж бодохгүй байгаа.

"Эмийн зах зээлийн гүнд нь орж алдаа завхралтай тэмцэхийг хичээнэ"

-Тухайлбал өрсөлдөөний орчныг нь чөлөөлж өгөх шаардлагатай ямар салбараас ажлаа эхэлье гэж бодож байна?

- Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарал тавина. Түүн дотор эмийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн Арилжааны банкнуудын иргэдэд зээл олгохдоо гэрээний нөхцөлүүдээ хүчээр тулгадаг байдлыг засах хэрэгтэй юм байна гэж харсан. Нийтийг хохироосон, өргөн цар хүрээтэй, зөрчил ихтэй салбарт зориглож гүнд нь оръё гэсэн бодол байдаг.

Өөр нэг хүндрэл нь тусгай зохицуулалттай салбаруудын хянадаг байгууллага нь тусдаа учраас зөрчлийг хянан шийдвэрлэх процесс нь манайд хамааралгүй гэдэг байдлаар орхигдож ирсэн байна. Гэтэл манай хуулиар бол аливаа нэгэн хууль зөрчсөн зүйл байвал тусгай зохицуулалттайгаас үл хамаарч шалгах эрхтэй юм билээ. Тиймээс манай агентлагийн хийж болох бүхий л давуу талуудаа ашиглаж шударга бус асуудалтай тэмцэнэ гэж зорьж байна.

"Номин" сүлжээ дэлгүүр барааны доод үнийг тогтоож, нийлүүлэгчид гэрээгээ тулган шаарддаг"

Өөр нэг анхаарал хандуулах шаардлагатай салбар нь хүнсний худалдааны салбар байна. Тухайлбал “Номин” сүлжээ дэлгүүр манайхтай шүүхдэлцээд явж байгаа юм билээ. Зах зээл дэх хямд үнийн баталгаа гэх нэрийдлээр нийлүүлэгч ААН-үүдийн барааны үнийг гэрээний дагуу доод үнийн жишгийг тогтоож тулгадаг байдал үүссэн. Үүнд өмнө нь мөн зөрчлийн хэрэг нээгээд акт тавьсныг тус компани хүлээн зөвшөөрөөгүй учраас манайхыг шүүхэд өгчихсөн байсан.

-“Номин” сүлжээ дэлгүүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний доод үнийн жишиг тогтоогоод яг ямар үйлдлээр ААН-үүдэд тулгасан гэсэн үг үү?

-Жишээ нь та нийлүүлэгч тал байлаа гэхэд Номин дэлгүүр тантай гэрээ байгуулахдаа жишиг үнэ гэрээний нөхцөлд тусгаад таныг өөр газар бараагаа нийлүүлэхэд үүнээс доод үнээр нийлүүлж болохгүй гэсэн тулгалтыг хийдэг гэсэн үг л дээ.

Яг энэ асуудалд л гэхэд өнөөдөр худалдааны зах зээлд байгаа давамгай байдалтай ААН-үүдийн статусыг шалгах, үнэхээр давамгай байж чадаж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байгаа. Давамгай болон монополь байдалтай ААН-үүд зах зээлийн үнийг дураараа тогтоодог байдал хэвийн үзэгдэл болсон. Тиймээс хяналт сайжирч байж уян хатан зохицуулалтыг хийж болох юм.

Мөн эмийн зах зээлд гэхэд эм ханган нийлүүлэгч гэсэн нэг тусгай зөвшөөрөлтэй компани, давхар эмийн сангийн тусгай зөвшөөрөл аваад хэд хэдэн эмийн санг ажиллуулж өөртөө давуу байдал үүсгэсэн судалгаа бий. Гэхдээ өрсөлдөөнийг хангах процесс дан ганц ААН-үүдэд хамааралтай биш. Нөгөө талаараа төрийн захиргааны байгууллагуудын “хуудуутай” шийдвэрүүдээс нэлээд асуудал үүсдэг юм байна.

Наад зах нь тусгай зохицуулалттай салбар гэдэг нэрийдлээр янз бүрийн зөвшөөрлийг олгодог. Тухайн зөвшөөрлүүд нь бодит зах зээл дээрх өрсөлдөөнийг "боомилох" хэлбэрээр явж байгаа тохиолдлууд их учраас судалгаа хийж байж байна.

-Та сая эмийн зах зээлийн чөлөөт бус өрсөлдөөнийг эвдэж, засаглалыг нь сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа гэж хэллээ. Одоогоор эмийн чанар, үнэд хяналт тавих асуудлаар ЭМ-ийн сайд, Шадар сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Танайхаас ч ажлын хэсэгт багтсан. Үр дүнд хүрч чадах болов уу? Үнэхээр эмийн мафийг эвдэхэд юу саад болж байна гэж харсан бэ?

-Та зөв асуудлыг хөндөж асуулаа. Хоёр сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг явцын судалгааны дүнгээ танилцуулаад явсан юм билээ. Одоо дараагийн ажлууд хийгдэх ёстой. Манайд ч мөн энэ ажил хийгдээд явж байна. Гэтэл ажлын хэсэг эмийн агентлагаас холбогдох мэдээллээ гаргуулж авч чадахгүй сар болчихсон хүндрэл байна. Миний хувьд агентлагийг шахаж шаардана. Хяналт шалгалтыг хэвийн явуулахын тулд бодит баримттай мэдээллээр хангаж өгөхийг шаардах болно.

Эмийн мафийн тухайд гэвэл хуульдаа эм ханган нийлүүлэх газар давхар эмийн сан ажиллуулах нь хориотой гээд биччихсэн байдаг юм билээ. Гэтэл яагаад нэг компанид эм нийлүүлэх, эм худалдах гэсэн хоёр лиценз олгоод байдаг юм гэдэг асуудал яригдах ёстой. Нэг чухал зүйл нь бид аливаа нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө судалгаагаа маш сайн хийх ёстой. Судалгааг хийхэд багагүй цаг авна. Зарим төрийн захиргааны байгууллагууд нь холбогдох мэдээллүүдийг хагас дутуу ирүүлж байгаа зэрэг хүндрэлүүд үүсэх нь ч бий.

-Нэг зүйл тодруулаад яриагаа өндөрлөе.Таныг ажлаа авснаас хойш иргэн, ААН-ээс хэчнээн гомдол ирээд байгаа вэ? Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан цагаас хойш ялангуяа иргэдийн хамгийн их хандах болсон газар нь танайх гэж сонссон?

-Өдөрт 10-20 орчим гомдол ирж байгаа. Манайх тусгай дугаараар иргэн, ААН-ийн гомдол саналыг авч шийдвэрлэхэд ажилладаг нэг оператортай. Тэр маань өдөржингөө утсаар ярьсаар байгаад л таардаг юм билээ.

Бид мэдээж хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдээс ирсэн гомдлыг хүлээж аваад аль болох хугацаа алдахгүй шийдвэрлээд явж байгаа. Нэг давуу тал нь иргэдээс ирүүлсэн мэдээллүүд том дата болж үлддэг. Тухайн дата дээр бид анализ хийж хаана ямар зөрчил их гарч байгааг шинжлэх боломжтой болно гэсэн үг.

Нөгөө талаараа таны хэлдэг үнэн. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаас хойш иргэд хаана хандахаа мэдэхээ байсан. Асуудал бүр манай дээр овоорох шинжтэй болж ирсэн. Гэхдээ миний бодлоор ШӨХТГ-т бүтцийн өөрчлөлт хийж өргөжүүлэх ёстой гэж л хардаг даа.

Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 16 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр Улаанбаатарт 16 хэм дулаан, бороотой
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.