Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Буянбадрах: Дотоодын аялагчид дотооддоо орлого оруулж, аялаж сураагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 4 секунд

Дотоод, гадаадын жуулчдад зориулсан Жуулчны мэдээллийн төвийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.

-Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагын талаар яриагаа эхэлье. Коронавирусний улмаас дэлхийн чиг хандлагад ямар өөрчлөлтүүд гарч, ямар болох төлөвтэй байна вэ?

-Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага тогтвортой, эко байх, ногоон байх гэдэг рүү л чиглэж байна. Ногоон байна гэдэг нь байгальд ээлтэй технологи ашиглах, барилга байшин барьж өнгө будаг хийсэн ч байгальд ээлтэй байх. Органик хүнс ашиглах. 

Ямар нэгэн хуванцар сав баглаа боодлоос татгалзаж байгаа. Аль болох модон, шаазан, вааран эдлэлийг таваглах савлах зэрэгт ашиглаж байна. Хуванцар зүйлсээс татгалзаж байна. Мөн байгальдаа ямар нэгэн ул мөр үлдээхгүйгээр аялахыг зорьж байна.

Тогтвортой аялал жуулчлал гэж ярьж байгаа. Энэ нь өнөөдөр нэг жуулчин ирээд явсны дараа дараагийн жуулчин ирэхэд өмнөх жуулчин ирээд үзсэн зүйлс хэвээрээ буюу эвдэгдээгүй, сүйтгэгдээгүй байх гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.

- Дэлхий дахинаа тархсан коронавирусний энэ үед эдийн засаг төдийгүй аялал жуулчлалын салбарт сөрөг үр дагаврууд гарч байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусээс болоод дэлхийн болон Монголын аялал жуулчлал зогсонги байдалд орчихсон байна. Гадаад улс орнууд нислэгүүдээ маш их хязгаарлаж зогсоосон. Харин сүүлийн үед хэсэгчилсэн байдлаар нээж байгаа. 

Хятад улс маш их хүн амтай учраас аялал жуулчлалын салбар нь дотоодын аялал жуулчлал дээрээ тогтдог.
Хятадуудад “Би хятад хүн”, “Би бол хятад”,”Би эх оронч хүн” гэдэг үзэл байдаг нь мэдрэгддэг. Тийм учраас улс орныхоо эдийн засгийг тэтгэхийн тулд аялагчид нь өөрсдөө дотроо аялаад хятад хүн хятад хүндээ орлого оруулах гэдэг чиглэл рүү явж байгаа.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгааны дүнгээр Монголын аялал жуулчлалын салбарын 88% нь маш эрсдэлтэй байдалд орчихсон байж байна. Компаниуд бол орлого байхгүй гэсэн үг. Дотоодын аялал жуулчдаас орлого бараг олдоггүй. 
Бид нар дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлье, дотоодын жуулчдаасаа мөнгө олъё гэхээр манай дотоодын аялагчид нэгдүгээрт сураагүй байна. Одоо бидэнд сургахаас өөр арга байхгүй.

-Коронавирус гараагүй үед ч Монголын аялал жуулчлалын салбар дотоодоосоо мөнгө олдоггүй юм байна. Дотоодын иргэддээ аялал жуулчлалын талаар ойлголт өгөх, боловсрол олгох тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Аялал жуулчлалын боловсрол олгох тал дээр бид нар маш сайн ажиллах ёстой. Аялал зохион байгуулж буй хүмүүс нь аялагчиддаа бүрэн дүүрэн ойлголт өгөх, уриалах, лидерлэг шинжтэй байх ёстой.

-Аялал жуулчлалын холбооноос аялал жуулчлалын талаар мэдлэг боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг хэр их зохиодог вэ? Төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү? 

-Аялал жуулчлалын мэдлэг олгох тал дээр ЕБ-ын хичээлд зориуд оруулах ёстой гэж бодож байна. Ингэж багаас нь мэдлэг олгож байж иргэд маань аялаж сурна. 
Аялал жуулчлалын холбооны хувьд “Хоггүй аялцгаая”, “Дотооддоо аялцгаая” гээд уриалж байгаа. Боловсрол олгоход сургалт хэрэгтэй. Үүнийгээ санхүүжүүлнэ гэдэг маш их ажил болно. Энэ тал дээр төр өөрөө анхаарах хэрэгтэй. Төрөөс аялал жуулчлалын мэдлэг олгох тал дээр дэмжлэг байхгүй. 

Төрийн бодлого байх ёстой. Төр өөрөө хөрөнгийг нь гаргах хэрэгтэй. Ганцхан холбоо бус сонин, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн салбаруудаар зэрэг мэдээлэх хэрэгтэй. 

-Дотоодын аялал жуулчлалд хэрхэн хяналт тавьдаг вэ? хяналт тавьдаг уу?

-Дотоодын аялал жуулчлалыг хянадаг хяналтын байгууллага байдаг. Гэхдээ хэрхэн яаж ажилладаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь бол стандарт мөрдүүлэх ёстой. 

Манай салбарын хууль 2000 онд батлагдсан. 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Аливаа улс орны хууль журам яаж явдаг вэ гэхээр тухайн нөхцөл байдалдаа зохицоод, нэмэлт өөрчлөлтөө дор дор нь хийж явдаг. Гэтэл манай улс бүхэл бүтэн 20 жилийн өмнө аялал жуулчлалын хуулийг батлаад,  10 жилийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулсан.  

Гэвч энэ хууль өнөөдөр бид нарын ажлын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Бид нарын ажиллах орчин нөхцөлд уялдаж өгөхгүй байгаа асар их зүйл байна. Хууль эрх зүй нь ийм сул яваад байхаар энэ салбарыг чинь хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү. Тийм учраас аялал жуулчлалынхаа хууль, эрх зүйн асуудлуудыг шинэчлэх ёстой. 

Хууль эрх зүйн асуудал шинэчлэгдэхгүй, амьдралдаа таарсан стандарт гарахгүй яваад байхаар дагаад энэ салбарт эмх замбараагүй байдал ихээр үүсэж байна .

Аялал жуулчлалын бизнесийг хүн харахад их амархан гэж ойлгодог. Над дээр хүртэл хүмүүс мэргэжлийн зөвлөгөө авах  гээд ирдэг. “Та яг юу хийдэг хүн юм бэ?” гээд асуухаар барилга гэж хариулдаг. Тэгээд яагаад аялал жуулчлал руу орох гээд байгаа юм гэхээр манай барилгын салбар жоохон зогсонги болчихлоо зүгээр сууж байхаар аялал жуулчлал хийдэг юм билүү гэдэг. Ийм зүйл бол маш их ажиглагддаг.

Аялал жуулчлалын салбар өөр салбарын  дампуурч байгаа хүмүүсийг аврах салбар биш. 

Салбар бүрд мэргэжлийн бус хүмүүс л тэр салбарыг араас нь зулгааж, алдаг. 

-Аялал жуулчлалын мэргэжлийн боловсрол олгодог хэдий хэмжээний их дээд сургууль болон сургалт байдаг вэ? 

-Жилд энэ салбараар сурах гээд 100 хүн элсдэг. Төгсөхдөө 50 хүртэл буурчихдаг. Төгссөн хүн дотроосоо аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нь 30 гаруй хүн байдаг. Хоёр дахь жилээсээ энэ тоо 20 хүн болоод л жил ирэх тусам л багасаад л явчихдаг. Учир шалтгааныг нь асуухаар зуны гуравхан сар цалинтай, энэ салбарт ажиллахаар сайн цалин авахгүй өөр зүйл хийхээр боломжийн цалин аваад байна, тийм  учраас энэ салбараас гарахаас өөр арга алга гэж хариулдаг. Мэргэжлийн хүмүүс нь салбартаа үлдэж ажиллахгүй байхаар ямар хүмүүс орж ирэх нь ойлгомжтой биз дээ. Иймэрхүү зөрчил маш их байдаг.

-Олон улсын жишгээс төр нь  аялал жуулчлалын салбараа хэрхэн яаж дэмждэг вэ?

-Аялал жуулчлал гэдэг бол эдийн засагт асар том түлхэцтэй маш олон ажлын байрыг идэвхжүүлдэг. Жишээлбэл ганц жуулчин хүлээж авахын тулд тэр баазын бүх ажлын байрууд хөдөлж байдаг. Тиймээс нэг жуулчингаас үүдэн 10-20 ажлын байр хөдөлж байдаг гэсэн үг. Иймд энэ бол чухал салбар. 

-Харин Монголын хувьд яагаад төр засгийн анхаарлын төвд орж чадахгүй, төр засаг нь яагаад энэ салбар руу чиглэсэн дорвитой бодлого явуулахгүй байгаа нь улирлын хамааралтай байгаад юм.

Улирлын хамаарал гэдгийг зуны гурван сар гэдгээр л хараад байгаа юм.
 Хэрвээ дор хаяж зургаан сар маш идэвхтэй өрнөдөг байсан бол энэ салбар маш чухал болоод ирнэ.

Гэтэл төр засгаас өвлийн, намрын аялал жуулчлал гэдэг дээр ямар ч бодлого алга байна. Хэрвээ өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд байгаа бол цан, чарга оруулж ирж байгаа хүмүүсийг бүгдийг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Өвөл ажилладаг цанын бааз, зочид буудал, байгальд ажилладаг ресортуудыг бодлогоор дэмжээд татвараас чөлөөлөөд цахилгаан дулааны асуудлыг нь улсаас хөнгөлөөд өгдөг бол ажиллана. 

-Таны таамаглаж байгаагаар аялал жуучлалын салбар буцаад сэргэхэд хэр хугацаа шаардагдах бол? Цар тахлын мэдээллээс харахад гаднаас жуулчин авна гэдэг худлаа болчихлоо шүү дээ?

-Дэлхийн туршлагыг харахад “Сарс, Эбола” вирус гарсны дараа доод тал нь 19 сарын дараа аялал жуулчлалын салбар сэргэсэн. Тэгэхээр  дор хаяж хоёр жил болно гэсэн үг. Гадны жуулчид дандаа аяллаа төлөвлөдөг. Эхлээд судална, билетээ захиална, ажлаа зохицуулна ядаж л нэг, хоёр жилийн өмнөөс аяллаа захиалдаг.

Манай монголчууд бүх юманд сэтгэл хөөрлөөрөө ханддаг. Гэнэтхэн хоёр найз нь ирээд энүүхэн Улаан-үүд, Бээжин явчхаад ирье  гэж хэлмэгц зөвшөөрөөд дагаад аялчихдаг. Бид нарын асуудлыг шийдэх цаг хугацаа гаднын жуулчдын асуудлыг шийдэх цаг хугацаа хоёрын хооронд маш их ялгаа байдаг юм. Тиймээс манайд гадаадын жуулчин ирэх хугацааны хувьд дор хаяж бүтэн нэг жил хагасын хугацаа хэрэгтэй. Гэхдээ коронавирус одоо зогсохгүй бол энэ цаг хугацаа уртассаар л байна.

- Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээний нэг. Тиймээс долдугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг гэсэн. Гэвч энэ жил хөл хорионы улмаас онлайнаар наадмаа хийхээр болчихлоо.Энэ нь танай салбарт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Наадам бол манай аялал жуулчлалын салбарын хамгийн том эвэнт. Наадам өөрөө дэлхий дээр байхгүй ганцхан Монголд байдаг сэдэв. Тийм учраас тэрийг нь үзье гэж маш их жуулчид ирдэг. Яалт ч үгүй  жуулчдыг татдаг асар том наадам. Гэвч энэ жил хөл хорионы улмаас гаднаас ямар ч жуулчин ирэх боломжгүй болсон. Энэ нь мэдээж манай салбарт маш том алдагдал болж байгаа.

-Сүүлийн үед аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийдлээр хөшөө дурсгалуудыг хийдэг болжээ. Үүнийг та ямар өнцгөөс харж байна вэ?

-Би энийг бол ерөөсөө дэмжихгүй байгаа. Хэнтий аймагт рашаан хад гэж байдаг юм. Рашаан хадны дэргэд тамганы ордон барьна гээд байх юм. Байгаль дээр байж байгаа оригнал чулууны дэргэд орчин үеийн барилга барьчихаар яагаад ч авцалдахгүй. Тэр ордыг барьвал яг Баян Адаргын монгол хатдын өргөө шиг л болно. Очих бүрд хаалга нь цоожтой. Хамгийн ойрын жишээ 53 км зайд оршдог Цонжин болдог гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Ресторан нь гэхэд хоол муутай, шат нь бүгд эмтэрсэн.  Хотод ойрхон байгаа хэрнээ л олигтой ажиллаж чадахгүй байна шүү дээ.

Тэр Хэнтийн алслагдсан зам муутай газарт энэ зүйлүүдээ барьчхаад яаж ажиллуулах гээд байгааг би ойлгохгүй байгаа.

Дөрвөн тэрбумаар нь хөрөнгө оруулж барьчхаад дараа нь тэр газрын тог цахилгаан, ус зэргийг яаж шийдэх нь тодорхойгүй. Улсаас төсөв мөнгийг нь гаргаж өгөх үү,  эсвэл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх юм уу бас л тодорхойгүй. 

Мөнгө хийх маркетингаа хийж чадаагүй тохиолдолд яагаад ч тэр ашгаа өгөхгүй. Хоосон балгас болоод л дуусна.

Тийм газрууд руу хэн очих вэ гэхээр Өвөрмонголчууд эсвэл монголчууд өөрсдөө л очиж магадгүй. Яг гадны жуулчид бол жинхэнэ монгол ахуй, морио унаад малаа хариулж байгаа монгол хүнийг л харах гэж ирнэ.

Иймэрхүү хөшөө дурсгалын зүйлс хийхдээ энэ салбарт ажиллаж яваа хүмүүсээс асуудаггүй. Зөвлөгөө авдаггүй. 
Энэ салбарт ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол тэр салбарт нь ажиллаж буй мэргэжилтнүүдээс дата судалгаа, зөвлөгөөг заавал авах ёстой. Гэвч Монголын төр хэзээ ч Зөвлөгөө авдаггүй, судалдаггүй. 

Н.Золзаяа, А.Содномдаржаа 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тамга, бодлогын баримт бичгээ хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тамга, бодлогын баримт бичгээ хүлээлгэн өглөө
 
Японы Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо
Японы Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.