“Хааны эрэлд-2023” олон улсын энхийг дэмжих сургууль тун удахгүй эхлэх гэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын хамтарсан энэхүү сургууль 2003 онд эхэлсэн цагаасаа хойш цэргийн хамтарсан сургалт, дадлагаас гадна нийгэмд чиглэсэн олон бүтээлч ажил өрнүүлсний нэг нь 2016 онд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн дотуур байрыг барьж өгсөн явдал байв.
Монгол, Америк, Энэтхэг, Сингапурын цэргийн ах, эгч нарынхаа барьж өгсөн дотуур байранд амьдарч байгаа сурагчдын нэг өдөртэй танилцахаар Зуунмод сумын Зүүндэлгэр багт байрлах IV сургуульд хичээлийн цаг тарахтай нь зэрэгцүүлэн зорин зорин очлоо. Сургууль, цэцэрлэг, дотуур байр нь нэг дороо байрласан байх агаад гадаа нь ахлах ангийн сурагчид сагсан бөмбөг, гар бөмбөгөөр, багачууд нь дээсээр тоглож, инээд хөөр цалгисан орчин биднийг угтав. Сурагчийн дотуур байрны гадаах амралтын саравчид хоёр сурагч охин сууж байсан нь 6 настай Н.Амгаланзаяа, 8 настай Б.Анирбилэг. Тэд дотуур байрны сурагчдаас хамгийн бага нь. Б.Анирбилэг ойр зуурыг өгүүлэх зууртаа л өөрийгөө Батсүмбэр сумынх, эхээс дөрвүүлээ. Шүд өвддөг учраас ирээдүйд шүдний эмч болно, нэгдүгээр ангиасаа хойш дотуур байранд амьдарч байгаа гэж танилцуулав. Тэр бас “Цэргийн ах, эгч нар энэ барилгыг бидэнд барьж өгсөн гэсэн үү” хэмээн лавлаж байлаа.
Энэ өдөр байрны жижүүрээр Б.Цогцолмаа гэдэг эмэгтэй гарч, хүүхдүүдийг цэргийн сурвалжлагчаар бүгдээрээ зургаа авахуулна, ярилцлага авбал миний хүүхдүүд ичилгүй сайхан яриарай гээд уриалах нь дотно сайхан сонсогдож байв. Дотуур байранд багш, тогооч, гурван жижүүр гээд 5 хүн ажилладаг бөгөөд цөмөөрөө бүсгүйчүүд ажээ. Багш Г.Одонтуяагийн өгсөн мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд Төв аймгийн 12 сумын 36 сурагч байранд амьдарч байгаа гэнэ. Байрны хүчин чадал нь өөрөө 35 хүүхдийн багтаамжтай санж. Сурагчдын олонх нь дунд, ахлах ангийнх, аав ээжийнх нь хүсэлтээр цөөн тооны бага ангийн сурагчийг ах, эгчийнх нь хамт байрлуулжээ. Байрны хувьд 2016 онд баригдаж ашиглалтад орсон цагаасаа хойш урсгал засвар хийснийг эс тооцвол чанартай барилга гэдгийг багш онцолж байв. Сурагчид амьдрах 9 тасагтай, гал тогоо, соёл амралтын өрөөтэй. Хөдөө сумдын дотуур байрны сурагчдад хамгийн их тулгардаг гадаах бие засар газар гэж “зовлон” тэдэнд үгүй. Халуун хүйтэн ус, дулаан хангамж болон бие засах газар, усанд орох өрөөг нь эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж, цогцоор нь барьж өгсөн, яг л тэр хэвээрээ ажээ.
Г.Одонтуяа багш МУИС-ийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн, “Хааны эрэлд”-ийн хүрээнд дотуур байр баригдаж ашиглалтад орсон цагаас нь хойш ажиллаж байгаа бүсгүй байна. Тэрээр “Өмнө нь дотуур байр гэж байгаагүй. Сумдын сурагчид маань айл дамжин амьдарч, эцэг эхэд нь ч хүндрэлтэй байдаг байсан. 2016 оноос харин байр ашиглалтад орсноос хойш эцэг, эхийн нар гарсан даа. Цэргийнхэндээ сурагчид тэдний эцэг эх, сургуулийнхаа захиргааны нэрийн өмнөөс баярлаж явдгаа дахин дахин уламжилъя” хэмээн талархал дэвшүүлж байсан юм.
Тасгуудаар орлоо. Нэгэн айлын эгч дүү гурав байсан нь Сэргэлэн сумын малчин Д.Дагвацэрэн, С.Энхтуяа нарын хүүхдүүд болох Д.Марал, Д.Сэржиддамба, Д.Санжаадамба нар. Эгч нь 11 дүгээр анги, хоёр дүү нь долоо болон дөрөвдүгээр ангийнх. Д.Марал байр ашиглалтад орсноос хойш 6 дахь жилдээ амьдарч байгаа, тохитой дулаахан, миний хоёр дахь гэр өөриймсөг нь аргагүй өгүүлж байв. Ирэх жил бага дүү нь сургуульд орохоор дөрвүүлээ амьдарна, нийгмийн ухаан, хуулийн аль нэг чиглэлээр нь мэргэжил эзэмшихээр төлөвлөсөн, зуныхаа амралтаар аав, ээждээ тусалж ямаа, гүү сааж, гар хөлийнх нь үзүүрт тусалдаг гэж байна. Аав, ээж нь 2022 онд сумын аварга малчнаар тодорсон ажилсаг бүл ажээ. Тэдэнтэй нэг өрөөнд амьдрах Анударь 10 дугаар анги, Баянцагаан сумын сурагч гэнэ. Энэ үед сурагчдад аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд “Эрүүл зөв амьдралын хэвшил болон халдварт өвчлөл” гэсэн сэдвээр сургалт явуулж таарав.
Энэ байранд чөлөөт бөхийн улсын аваргын алт, хошой мөнгөн медальт, Азийн аваргын тусгай байрын шагналт Э.Одгэрэл гэдэг 12 дугаар ангийн спортлог сурагч бас байна. Ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаа сурагчдын нэг тэрээр 2020 онд чөлөөт бөхийн улсын аваргаас алт, 2022, 2023 онд хос мөнгөн медаль хүртэж, аймаг, сумандаа ч гаргасан амжилт их санж. Чөлөөт бөхөөс гадна сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг, энэ жил ҮБХИС эсвэл ДХИС-д элсэхээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэж буйгаа дуулгаад “Өнөөдрийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн Монгол, Америк цэргүүддээ баярлалаа” гээд хоёр дүү нь ярилцлага өгөх гээд хүлээж байгаа хэмээн өрөөнд нь дагуулж орлоо. Ес болон долоодугаар ангийн сурагч Ц.Алтаншагай, Б.Энхбаяр нар ирээдүйд цэргийн хүн болно, хурдан морь унаж өссөн, удахгүй ангийнхантайгаа мод тарина, гэрийнхнээ нэг их санадаггүй, байрныхаа бүх хүүхдүүдтэй найз, тогооч Б.Сарангэрэл эгчийн бэлтгэсэн хоол бүхэн амттай хэмээн тодотгож байлаа.
Энэ өдөр хүүхдүүдээ эргэж тойрохоор хөдөөнөөс зарим эцэг, эх ирсэн байх агаад тэд мөн л цэргийнхэндээ талархаж байна, малчид бидэнд нэн хэрэгцээтэй байсан асуудлыг олж шийдвэрлэсэн нь ирээдүйд оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр билээ гэсээр хүүхдүүдтэйгээ инээмсэглэсээр дурсгалын зургаа татууллаа.