Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ парламентын “ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭН“ ямар сонинтой өнгөрсөн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
19 минут 41 секунд

УИХ-ын наймдугаар сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентийн анхдугаар чуулганы нээлт өчигдөр болов. 


-АНХ УДАА ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙН ТӨЛӨӨЛӨЛ УИХ-ЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ДАРГАЛАВ-

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганыг даргалах журамтай. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн 2-р тойргоос олонхийн саналаар төр түшилцэх болсон Хавдисламын Баделхан анхдугаар чуулганыг даргалан явууллаа. УИХ-ын анхдугаар чуулганыг үндэсний цөөнхийн төлөөлөл анх удаа даргалсан үйл явдал ч давхцсан юм. Түүний аялга болоод чуулган даргалсан сандрал зэрэгцэн гишүүдийн овог, нэр андуурах, буруу зөв дуудахаас эхлүүлээд “марзан” үйлдлийг цөөнгүй гаргасан нь танхимыг багагүй хөгжөөв. 


-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ГИШҮҮДИЙГ БАГАГҮЙ “ЗЭМЛЭВ”-

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хууль тогтоох дээд байгууллагын гишүүд өмнө нь удаа дараа хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж байсныг сануулж, УИХ-ын гишүүд эрх мэдлээ урвуулан ашигласан жишээнүүдийг баримтаар дэлгэн багагүй зэмлэсэн юм.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ОНЦОЛЖ БАЙНА:

  • Иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.
  • Өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. 
  • Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. 
  • Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон.
  • Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан.
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. 
  • Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.
  • Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. 
  • Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.
  • УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. 
  • Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. 
  • Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.
    • 2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
    • 2012 онд 35.3%
    • 2016 онд 33.6%
    • 2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.
  • Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. 
  • Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. 
  • Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.
  • УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. 

-СЕХ-НЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТАЛААР ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛАВ-

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл тавилаа.

Уг илтгэлд дурдсан зарим зүйлсийг ОНЦОЛЖ БАЙНА:

  • Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум, дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, тэдгээрт нийт 35772 төрийн албан хаагчид ажилласныг онцлов. 
  • Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллав. 
  • Ээлжит сонгуулийг гадаад орны хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 14 сурвалжлагч, Монгол Улсын хэвлэл, мэдээллийн 72 байгууллагын 380 сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж ажиллалаа. 
  • АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг Улсын ажиглагчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 гаруй мянган ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийжээ.
  • УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. 
  • Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон.  
  • Улсын Их Хурлын нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. 
  • Нийт гишүүдийн 14  нь буюу 18.42 хувь нь хуульч, эрх зүйч, 21 нь буюу 27.63 хувь нь эдийн засагч, 12  нь буюу 15.79 хувь нь инженер, агрономич, 14 нь буюу 18.42 хувь нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 нь буюу 11.84 хувь нь эмч, багш, 6 нь буюу 7.89 хувь нь бусад мэргэжлийн хүн байна.

-“БОСОО” С.ГАНБААТАР ЭРГЭН ИРЖЭЭ-

Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон бие даагч Н.Алтанхуяг, “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон “Босоо” хочит С.Ганбаатар нар СЕХ-ны илтгэлийн дараа асуулт асууж, үг хэлэв. Анхдугаар чуулганы нээлтээс эхлээд л шаардлага тавьж, хүндхэн асуултаар булж байсан нь энэхүү парламентад ширүүн байхаа харуулж буй бололтой.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы нээлтэд үг хэлэхдээ "Сонгууль шударга болсон бол ялах ёстой байсан олон олон хүмүүсийн өмнөөс үг хэлье.  Дэндүү шударга бус сонгууль болсон. Цагдаа маш бүдүүлгээр ажилласан. Сүүлийн хэдэн долоо хоног миний хэдэн туслахууд тагнуултай кино үзсэн тулдаа л би амьд үлдлээ. Уулзалтанд орчихоод бултаж зугтах л ажил хийнэ шүү дээ. Бодит үнэн. Ямар аймшигтай аархсан, ичгүүргүй сонгууль болов оо. 

Энэ янзаараа байвал монголын улс төр авлига, хүнд суртал, бузар булайгаас салахгүй.

Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг гаргаад хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол шударгаар зүтгэе гэсэн олон хүн энэ зааланд орж ирэх ямар ч боломжгүй болж байна.

Ажлын хэсэг яаралтай байгуулж хууль дүрмээ сайжруулах ёстой гэж үзэж байна" гэв. 

Мөн Баянхонгор аймгийн 3-р тойрогт АН-аас сонгогдсон А.Адъяасүрэнтэй “жогтой” ярилцаж буй бичлэг нь сошиал орчинд тренд болж байлаа.


-АНХ УДАА БҮХ ГИШҮҮД НЭГ, НЭГЭЭРЭЭ ТАНГАРАГ ӨРГӨВ-

Хуралдаан даргалагч Х.Баделхан Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүд тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа. Өмнө нь гишүүд тангаргын үгийг нийтээр дуудан уншдаг байсныг нэг нэгээр нь хэлдэг болох санал оруулсан нь хэрэгжив. 

Мөн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд "...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэх хэсэг АТГ-ын дарга З.Дашдаваагийн саналаар тусгагджээ. чуулган дээр уншигдаж байна. Мөн өмнө нь гишүүд тангаргийн үгийг нийтээрээ дууддаг байсныг гишүүн нэг бүр хэлдэг байх санал оруулсан нь ийнхүү хэрэгжиж байна.


-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ ТАНГАРГАА ӨРГӨЖ ЧАДСАНГҮЙ-

УИХ-ын Анхдугаар чуулганы нээлтэнд 75 гишүүн оролцлоо. УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын Ж.Эрдэнэбат тангаргаа өргөсөнгүй. 

Учир нь тэрбээр 461-р нээлттэй хорих ангид цагдан хоригдож байна. Ж.Эрдэнэбатын хувьд цагдан хоригдох болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн компанид нэг сая төгрөгөөр худалдан аваад түүнийгээ цааш зарсан гэх хэрэгт холбогдсон. 

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болсон ч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу ирэх долдугаар сарын 2-ны өдрийн 11 цагт болохоор товлогдсон юм.

Иймээс анхдугаар чуулганд дараах 75 гишүүн оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. 


-ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨХИЙНХӨӨ САЦУУ ТОЙРГИЙН СОНГОГЧДОДОО МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар энэхүү тангарагийн үгээ хэлсний дараа сонгосон тойргийн иргэддээ талархал илэрхийлсэн юм. Гэвч чуулганыг даргалж буй УИХ-ын гишүүн Х.Баделхан индэр дээрээс тангарагаас өөр үг хэлэхгүй байхыг дээр гишүүдэд сануулав.


-ТАНГАРГЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЗАНДАНШАТАР ГАНЦААРАА ЦЭЭЖЭЭР УНШИВ-

УИХ-ын найм дахь удаагийн парламентад өмнөх парламентад ажиллаж байсан 38 гишүүн дахин сонгогдсон. Гэвч энэ удаагийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Г.Занданшатар л тангаргийн үгийг ганцаараа бичсэнийг харалгүй цээжээр уншлаа. Үлдсэн гишүүд бүгд л цаастайгаа ноцолдож, тангаргыг уншив.


УЛСЫН ГАРЬД Ц.ЦЭРЭНПУНЦАГ ТАНГАРГАА ӨРГӨСНИЙ ДАРАА Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГАД ҮНСҮҮЛЭВ

Энэ удаагийн парламентад монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулж явсан гурван бөх суудлаа зассан. Эдгээрийн нэг болох Завхан аймгийн 9-р тойрогт МАН-аас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг тангаргаа өргөсний дараа УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд ёсолж, үнсүүлсэн юм.


Т.ДОРЖХАНД “ДАХИАД Л” ХОЦРОВ

Гэрэл зургийн эх сурвалж: MPA /Фейсбүүк хуудсаас ашиглав/

УИХ-ын ээлжит танхимд Хөдөлмөрийн Үндэсний Намыг төлөөлөн сууж буй гишүүн Т.Доржханд зургадугаар сарын 29-ны өдөр болсон УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулах ёслолд оролцохоор ирэхдээ пүүзтэй ирснээс болж ордноос “хөөгдсөн” юм. Улмаар хамгийн сүүлд үнэмлэхээ гардан гарч багагүй шуугианыг тариад амжсан. Гэвч тэрбээр өчигдөр болсон анхдугаар чуулганы нээлтийн дараа танхимаараа зураг авахуулах үйл ажиллагаанд дахиад л хоцорч буй мөч гэрэл зургийн хальсанд тод томруунаар үлджээ.


-УИХ-ЫН ДАРГААР Г.ЗАНДАНШАТАР УЛИРАН СОНГОГДОВ-

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг танилцуулав. Монгол Ардын Нам УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг дахин УИХ-ын даргаар улируулан томилох шийдвэрийг гаргажээ. 

Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Гомбoжавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор шийдвэрлэв.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хоёр дахиа сонгогдож буй Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.


Г.ЗАНДАНШАТАР: УИХ ОЙРЫН ХУГАЦААНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, НЭГ ОРОНТОЙ ТООНД ОРУУЛНА

Монголын парламентийн түүхэнд УИХ-ын даргаар анх удаа улиран сонгогдсон Г.Занданшатар УИХ-ын гишүүдэд хандан үг хэлэв.

Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ БАЙНА:

  • Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам 62, Ардчилсан Нам 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл, бие даагчдаас тус бүр 1 хүн сонгогдож, улс төрийн 4 нам парламентад суудалтай боллоо.
  • Монгол Ардын Намын энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж бид ойлгож байна.
  • Улсын Их Хурал дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажилд нь оруулах ёстой гэж үзэж байна.
  1. Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. 
  2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.
  3. Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. 
  4. Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. 
  5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

Ээлжит парламентийн анхдугаар чуулганы нээлтэд энэ мэт олон сонирхолтой үйл явдал болжээ. Ийнхүү УИХ-ын тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн гишүүд төрийн албыг дөрвөн жилийн хугацаанд нэр төртэй гүйцэтгэх буй за.

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Ц.Ганзориг: Хөл хорионы дэглэмийг долдугаар сарын 15 хүртэл СУНГАЛАА
Ц.Ганзориг: Хөл хорионы дэглэмийг долдугаар сарын 15 хүртэл СУНГАЛАА
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.