Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Херта Дойблер Гмелин: Холимог тогтолцоо ХӨРӨНГӨТНИЙ эрх мэдлийг хязгаарлаж, ДАВХАРГА бүрийн төлөөлөл парламентад сонгогдох боломжийг бүрдүүлдэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 23 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж буй 5ш ажиллагааны бодлого, хэрэгжилт, үр нөлөөний талаар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелинтэй ярилцсаныг хүргэж байна.

-Урилга хүлээн авч ярилцах гэж буй хатагтай Херта Дойблер-Гмелин танд талархаж байна. Монгол Улсын төр, ард түмэн тогтолцооны томоохон өөрчлөлтүүд хийх гэж буй энэ цаг хугацаанд чухал хэдэн сэдвүүдээр тантай ярилцах завшаан тохиолоо. Түүний нэг нь авлигын эсрэг төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар юм. ХБНГУ-ын төр, хуулийн байгууллагууд авлигыг бууруулах, таслан зогсоох чиглэлээр хэрхэн ажилладаг вэ? Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг ажиллагааг хэрхэн харж, дүгнэж байна?

-Надад ч мөн таатай байна. Би Монгол Улсад найм дахь удаагаа айлчилж байна. Монгол Улс дахь салбар бүрийн хөгжил урагшилж яваад маш их баяртай байдаг. Авлигын тухайд энэ нь зөвхөн Монгол Улсад тулгамдсан асуудал биш. Дэлхийн хэмжээнд тулгарч буй том асуудал юм. Авлига даамжрах тусам иргэдийн төрд итгэх итгэл үгүй болж байдаг. Цаашлаад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол гээд бүхий л салбар чиглэлд хортой нөлөөлдөг.

Авлигатай тэмцэх сонгодог арга нь хууль баталсан л бол хэрэгжилтийг заавал хангах ёстой. Бүх нийтээрээ хуулиа дагаж мөрддөг байх нь чухал. Нөгөө талаар авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг заавал шүүхийн өмнө авчирч зохих ял, шийтгэлийг оногдуулах хэрэгтэй болдог. Мөн хууль бусаар олж авсан хөрөнгүүдийг хурааж авснаар ард түмний төрдөө итгэх итгэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хяналт, хариуцлага хоёр нэмэгдэх тусам хууль чамбайрч, нийгэм эрүүлждэг.

"Авлигын хэрэг үйлдсэн этгээдийг заавал шүүхийн өмнө авчирч зохих шийтгэлийг оногдуулах нь чухал"

-Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх 5ш ажиллагааг хэрэгжүүлж байна. Тухайлбал, төрийн албанд хууль бусаар томилогдсон албан хаагчид, дарга нарыг чөлөөлж, данхар бүтцийг бууруулах, төсвийн зардлыг хэмнэх зорилгоор "Шүүр" ажиллагааг хэрэгжүүлж байгаа бол авлигын хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчрах "Шувуу" ажиллагаа, авлигачдын гадаад улсад байршуулсан оффшор дансны хөрөнгө, худалдаж авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авчрах "Шилжүүлэн авах" ажиллагаа, мөн Төрийн өмчит компаниудын төсөв, санхүүжилт, тендертэй холбоотой мэдээллүүд нийтэд ил болох "Шилэн" ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр нь авлигатай тэмцэх хэр оновчтой арга гэж харж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 5ш ажиллагаа авлигын эсрэг хэрэгжүүлж болох маш оновчтой аргууд гэж харагдаж байна. Учир нь иргэд УИХ, Засгийн газар, хараат бус шүүх байгууллагад хэрхэн итгэж байгаагаас нийгэм, эдийн засаг, цаашлаад тухайн улсын хөгжил хэрхэх нь шалтгаалдаг. Тиймээс шүүх болон төрийн албанд зөвхөн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүд томилогдох ёстой болдог. Эсрэгээрээ хэн нэгэн эрх мэдэлтэй хүний нөлөөгөөр хамаатан садан, ах дүү, танилууд нь томилогдоод эхлэхээр иргэдийн итгэл суларч, үр дагавар нь эдийн засгийн хөгжилд маш том сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм учраас 5ш ажиллагаа сайн үр дүнд хүргэж чадна гэж итгэж байна.

Шувуу ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан болон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хилийн чанд руу зугтсан этгээдүүдийг авчирч бие даасан хараат бус шүүхийн өмнө шүүж зохих ялыг эдлүүлэх нь маш чухал. Гэхдээ Монголын төр үүнийг дангаараа хийж чадахгүй учраас Олон Улсын хамтын ажиллагаа чухал болно. Тиймээс Монголын төр энэ ажлын хүрээнд хараахан том үр дүнд хүрч чадаагүй яваа ч эхлүүлж байна гэдэг нь өөрөө том амжилт.

Дараагийн хэрэгжүүлж буй чухал ажиллагаа нь төсөв болоод худалдан авах тендертэй холбоотой мэдээллийг олон нийтийн хяналтад төвлөрүүлэх "Шилэн" ажиллагаа гэж харж байна. Төрийн өмчит компаниуд болон үйлдвэрийн газруудын төсөв ил байх хэрэгтэй. Хэдий хэр нь ил тод байна төдий чинээ асуудал бага гарна гэсэн үг.

Харин "Шилжүүлэн авах" ажиллагаагаар хилийн чандад байгаа хууль бус хөрөнгийг төвлөрүүлсэн дансыг хааж, худалдаж авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж эргүүлэн авчрах нь маш чухал арга. Хууль бусаар хөрөнгөжсөн хүнд оноож болох хамгийн том шийтгэл бол хөрөнгийг нь хураах явдал. Нэмж хэлэхэд УИХ Засгийн газраа тогтмол хянах ёстой. Засгийн газар нь харин төсвөөр санхүүждэг байгууллагуудаа сайн хянаж, хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.

"Шүгэл үлэгчийг хамгаалахын тулд хууль байгаад хангалтгүй. Хөндлөнгийн байгууллагаар мэдээллийг шинжлүүлэх процесс чухал"

-Дээрх дурдагдсан 4ш ажиллагааны үндсэн чухал ажиллагаа нь "Шүгэл" юм. Авлига хаана нуугдаж байна. Түүнийг илчилж мэдээлснээр дээрх дөрвөн процесс ерөнхийдөө явагдана. Авлигыг ужгируулахгүйгээр урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх нь хамгийн бага хохирол амсаж болох юм. Шүгэл үлээгчийг хамгаалах чиглэлд ХЗДХЯ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй. ХБНГУ-д авлигын хэргийг илчилсэн хүнийг хамгаалах чиглэлд хэрхэн анхаардаг вэ? Хууль эрх зүйн орчныг яаж бүрдүүлсэн байдаг вэ?

-Манай улсад Авлигын хэргийг мэдээлэгчийг хамгаалах чиглэлээр хууль батлагдсан байдаг. Шүгэл үлээж буй хүний гол ач холбогдол нь асуудлыг эрт таниад засах юм. Хожимдсон хойно нь том хохирол амсчхаад тухайн этгээдийг яллах нь тийм ч таатай нөхцөл биш. Нөгөө талаас шүгэл үлээгчийг хамгаалах хуультай холбоотойгоор ямар эрсдэл үүсдэг гэхээр авлигын хэрэгтэн хэргээ нуун дарагдуулах гэсэн хүсэл зоригтой хүмүүсийн арга нь нарийсах, нөгөө талаас өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдыг авлигын хэрэгт гүтгэх хэлмэгдүүлэлт бий болох том эрсдэл дагаж байдаг.

Зөвхөн хууль байх нь хангалтгүй. Шүгэл үлээгчийн мэдээллийг нягтлах, нотлогдох эсэхийг шалган тогтоох тодорхой бүтэц бүхий байгууллага байх хэрэгтэй. Тухайн байгууллага мэдээллийн ач холбогдлыг судалж үзсэний дараа хэрвээ нотлогдох зүйл гэж үзвэл хуулийн байгууллагат шилжүүлдэг байх нь зөв.

"Хөрөнгөтэй бүлэглэл, компанийн эрхшээлээс тойргийг салгах ганц арга зам нь сонгуулийг холимог системээр явуулах"

-Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүх шатанд хэлэлцэж, санал авч байна. Тодруулбал гол өөрчлөлт нь Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох хэлбэр юм. Хөгжиж буй Ардчилсан оронд сонгуулийг холимог системээр явуулах нь хэр үр дүнтэй зүйл вэ?

-Сонгуулийн тогтолцоо бол иргэд сонгууль гэдэг зүйлийг хэрхэн ойлгож, улс төрийг ямар өнцгөөс харж байна вэ гэдэгтэй шууд хамааралтай. Монгол Улс сонгуулиа холимог системээр явуулах нь оновчтой алхам гэж бодож байна. Ер нь сонгуулийг явуулах ёстой үндсэн зорилго нь тодорхой эрх мэдэл төвлөрсөн Засгийн газрыг УИХ-аар дамжуулж хянах процесс юм. Тэгэхээр холимог тогтолцоогоор УИХ-д сонгогдсон гишүүд ямар нэгэн бүлэглэлд барьцаалагдаагүй. Улс болоод ард иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаж чадах хүмүүс байх ёстой.

ХБНГУ-ын сонгуулийн системийн хувьд 70-аад жилийн өмнө тойргоос сонгогдож буй гишүүд нь аль нэг бүлэглэл, хөрөнгөтнүүдийн нөлөөнд илүү их автдаг байсан. Яагаад гэвэл тэр компани юм уу бүлэглэл нэг жижиг тойргийг худалдаж авах нь амархан бөгөөд хямдхан байсан учраас түүхэндээ бид холимог тогтолцоог хэрэгжүүлж явах шаардлага тулгарч үүнийг өөрчилж чадсан.

"Ялсан нь бүгдийг авна" гэсэн агуулга бүхий олонхын саналаар сонгодог сонгуулийн тогтолцоогоор Их Британи улс явж ирсэн. Нийгэмд төрөл бүрийн давхарга байдаг. Гэтэл энэ тогтолцоогоор хийсэн сонгуулийн дүнд давхарга бүрийн төлөөлөл парламентад сонгогдож чаддаггүй.

Харин Монгол Улсын хувьд Улаанбаатар хотдоо хүн амын тал хувь нь төвлөрчихсөн. Хөдөө орон нутагт тал нь тархчихсан байдалтай байгаа энэ нөхцөлд жагсаалтаар дамжуулаад малчид, эмэгтэйчүүдийг намаас нэр дэвшүүлж оруулах нь илүү чухал болж байна.

"Олон намын төлөөллөөс парламент бүрдсэнээр сөрөг хүчин илүү томорч, гишүүдээрээ дамжуулан Засгийн газраа хянах боломжтой"

-Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоотой болсноор олон намын төлөөлөл УИХ-д сонгогдож тэр хэрээр хамтарсан Засгийн газар байгуулах боломж бүрдэнэ. Гэхдээ УИХ болоод Засгийн газрын хяналт тэнцлийг хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг нь асуудал. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Учир нь ХБНГУ яг энэ туршлагыг олж авсан. Олон нам УИХ-д орж ирснээр мэдээж сөрөг хүчин томорно гэсэн үг. Сөрөг хүчин томорсноор буцаад Засгийн эрхэнд байгаа намаа хянана. Ингэснээр хяналт илүү сайжрах болно.

-УИХ-ын одоо байгаа 76 гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгаад буй. Судлаачдын үзэж байгаагаар Монгол Улс 3.4 сая хүн амтай. Түүнээс 2.2 сая нь сонгогчид байна. Сонгогчдын тоог, тэднийг төлөөлөх гишүүний чадамжтай уялдуулахаар дээрх тоог хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байгаа. Хууль батлахаас авхуулаад, эрх мэдлийн хэт төвлөрлийг сааруулахад УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал уу?

-Би айлчлалынхаа сүүлийн өдрүүдэд улс төрийн хүчний төлөөллүүд болон өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой намын төлөөллүүдтэй уулзлаа. Тухайн хүмүүс таны хэлсэн гишүүдийн тоотой холбоотой асуудлыг төгс шийдэл мөн эсвэл биш гэдэгт дэнсэлж ярьж байна. Харин бидний ярьж байгаа нэг зүйл бол төрд ямар ч байсан сайн улстөрч байх хэрэгтэй. Тэр хүн намынхаа хяналтад байх ёстой. Авлигаас ангид байх ёстой гэдгийг л чухалчилж байгаа.

Сайн улстөрч хууль батлахдаа эрдэм шинжилгээний албаараа дамжуулаад тодорхой ойлголт мэдээлэл авна. Тэгж байж хууль батлах ёстой. Түүнээс гадна гишүүд эдийн засгийн бүлэглэл, том компани, банкнуудын ашиг сонирхлыг төлөөлөх гэхээс илүү ард иргэдийнхээ ашиг сонирхлыг төлөөлөх болдог. Хэдийгээр Монгол Улс 3.4 сая хүн амтай гэж байгаа болов ч газар нутгийн хувьд маш том системтэй. Тиймээс энэ их ажлын хажуугаар дахиад иргэдтэйгээ уулзаж ажиллаж чадах уу гэдгийг одоогийн УИХ-ын 76 гишүүний бодит нөхцөл байдлаас харж бодолцох хэрэгтэй.

Ер нь сайн УИХ-ын гишүүд байхын тулд тэнд эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүд байх ёстой. Мөн орон нутгаас, нийслэлээс төлөөлөл байх нь чухал. Цаашлаад нийгмийн давхарга бүрээс төлөөлөл байх хэрэгтэй. Төлөөллийн парламентыг бодит утгаар нь хэрэгжүүлэх хамгийн дөхөм арга нь сонгуулийн холимог систем юм.

-Холимог системээр сонгогдох гишүүдийн 30 хувь нь эмэгтэй гишүүд байна гэж үзэж байгаа. Одоогоор парламентын 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд байна. Энэ тоо 19 болж нэмэгдэх магадлалтай гэж үзэж буй. УИХ-ын гишүүдийн тоо 152 болж нэмэгдлээ гэхэд түүнд эзлэх эмэгтэйчүүдийн тоо хэд байвал зохимжтой гэж та дүгнэх вэ.

-Зөвхөн хүйсийн тэнцлийг ярихаас илүүтэй тухайн орны уламжлалт ёс. Нийгэмд хэвшсэн ёс заншлын хүрээнд эмэгтэй хүмүүс жижиг сонгуулийн тойрогт очоод ялалт байгуулах нь ховор байдаг гэж үздэг. Тиймээс намын жагсаалтаар энэ дутагдлыг нөхөх боломжтой.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд намууд жагсаалтаа батлахдаа нэр дэвшигчдийн нэрсийг эмэгтэй, эрэгтэйгээр нь ээлжлүүлж жагсаадаг. Дээр нь орон нутгийн иргэдийг илүү оролцуулах ёстой гэдэг байдлаар анхаарч болох юм.

"Улс төрийн намын тухай хуульд авлига, хулгайн хэрэгт холбогдсон хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэдгийг хатуу тусгах ёстой"

-Намын жагсаалтад ямар хүмүүс орж нэр дэвших нь олны анхаарлын төвд ороод буй. Хардлага төрүүлж байгаа зүйл нь намыг санхүүжүүлдэг, эсвэл авлига, хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс жагсаалтаар нэр дэвших вий гэсэн болгоомжлол ч бий. Хэрвээ ийм байдал үүсвэл дараагийн ээлжит сонгуульд Монголчууд холимог тогтолцооноос татгалзаж хуульдаа дахин өөрчлөлт хийхээр оролдоно. Тиймээс жагсаалтаар нэр дэвшигчдийг ямар хяналт шалгуураар эрэмбэлэх ёстой вэ?

-Үүнээс сэргийлэх хамгийн том арга нь улс төрийн намын тухай хуульдаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Хуульд авлигын хэрэгт холбогдсон болон шүүхээр ял эдэлсэн хүмүүс жагсаалтаар нэр дэвшихгүй гэдгийг тодорхой бичих хэрэгтэй. Түүнчлэн түрүүний ярьсанчлан жендерийн тэгш байдлыг хангах, хөдөө орон нутгийн төлөөллийг хамруулна гэдгийг тусах ёстой.

Мэдээж улс төрийн намуудын санхүүжилтийг орхигдуулж болохгүй. Санхүүжилт нь ил тод байх ёстой. Түүний хяналтыг зохицуулсан зүйл заалтуудыг тодорхой тусгаж өгөх нь зүйтэй. Гол нь тогтолцоогоо өөрчилснөөр эрх мэдлийг хянадаг болно. Төсвийг хянадаг болно. Төрийг илүү их хянадаг болно гэдгийг л ард түмэнд ойлгуулах нь чухал. Тэгж чадвал эрүүл тогтолцоо бий болох болно.

Б.Мягмарсүрэн

Улаанбаатарт +16 хэм дулаан байна
Улаанбаатарт +16 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.