Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн зарим байгууллагын удирдлагуудтай уулзаж, ҮХНӨ-ийн төслийн талаар танилцуулав

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 3 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.08) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв.

Тодруулбал, Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллаж байгааг уулзалтад оролцогчдод мэдээллээ. Улсын Их Хурлын гишүүд долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл танилцуулж, санал бодлыг нь сонсох юм байна.

Нэн тэргүүнд Улсын Их Хурлын дарга 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эхлүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл танилцууллаа. Геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдал, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ цар тахал зэрэг биологийн эрсдэлт нөхцөл тулгарсан. Дэлхий дахин цар тахлыг амжилттай даван тууллаа гэдгийг өчигдөр ДЭМБ-аас албан ёсоор зарласан. Гэхдээ дараагийн эрсдэл ойрхон байж болзошгүйг эрдэмтэд сануулж байгаа аж.

Цар тахлын эрсдэлийг давах туулахад Монгол Улс 1.3 жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлогоос иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх, НДШ, ЭМДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, иргэдийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүүхдийн мөнгө, вакцин тариулсан хүмүүст олгосон урамшуулал гэх зэргээр нийтдээ 5.7 их наяд төгрөг зарцуулсан болохыг дурдлаа.

Эрх зүйн шинэчлэлтийг хийж буй энэ цаг үед тэгш бус байдлын индекс өндөр буюу энгийнээр бол баян, ядуугийн ялгаа ихтэй байгааг, ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаагаас үүдэн ядуурлын түвшин 30 орчим хувьтай байгааг хэлж байв. 1992 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жил хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 4566 ам.долларт хүрч, хүн амын тоо 3.4 сая болж өссөн. Дундаж наслалт 71 болж, хүний хөгжлийн индекс 0.74 болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан бол тэгш бус байдал ядуурлын хувь 28 хувьтай байгаа тоон мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын хүн ам 1992 онд 586 мянга байсан бол одоо 1.6 сая болж, хүн амын хэт төвлөрөл бий болжээ. Авлигын төсөөллийн индексээр 2004 онд 145 улсаас 85-т жагсч байсан бол 2022 оны байдлаар 180 улсаас 116 дугаар эрэмбэлэгдэж байгаа юм байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгааг Г.Занданшатар дарга дурдаад “Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа. Манай эдийн засаг 2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна” гээд төрөл бүрийн түүхий эдүүдийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал хэмээн тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гадаад өрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.

Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд засаглалын, нийгмийн бодлогын реформ хийх хэрэгтэйг дурдсан. Засаглалаа сайжруулж, авлигалтай тэмцэж, тунгалаг төртэй болсны үндсэн дээр эдийн засаг сайжирч, иргэн бүрийн амьдралын чанар дээшилнэ гэдгийг мөн хэлж байлаа. Иймд Улсын Их Хурал 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлсэн. Авлигалаас ангижирч чадвал эдийн засаг жам ёсоороо тэлнэ, хөгжинө. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүний хөгжил тэргүүтэй олон асуудал шийдэгдэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь шийдвэрлэх ёстой чухал зорилт бөгөөд эдгээр дөрвөн зорилт нь Улсын Их Хурлын эрх зүйн шинэчлэлийн үндэс гэлээ.

ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон“ автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон“ автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ
 
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын төсөл хэрэгжихгүй бол бусад төслүүд хэрэгжихэд ч хүндрэлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.