УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Аялал жуулчлалын хууль орж ирэхдээ сан байгуулахаар орж ирсэн. Сангаас татгалзаж байгаа. Учир нь орлого нь байхгүй сан болчихоод байгаа байхгүй юу. Казиногийн тухай хууль, морин тойруулгын тухай хууль нь батлагдаагүй байна. Харин эсрэгээрээ татвараар яаж дэмжиж болох вэ гэдэг асуудлыг ярьсан. Энэ хуулиар НӨАТ-ын буцаан олголтын асуудал шийдэгдэж байгаа. Мөн тур компаниудын татварыг тодорхой хугацаанд ашгийн татварыг нь хөнгөлж өгч байгаа.
Нислэгтэй холбоотой асуудал гарч ирсэн. Олон улсын нислэг том онгоцоор үйлдэгддэг. Дотоодын нислэг нь жижиг онгоцоор үйлдэгддэг. Тэгсэн мөртлөө НӨАТ-ын татвар төлөөд байна гэх асуудлыг нислэгийн компаниуд тавьсан. Мөн түрээсийн онгоц авахад НӨАТ-ын татвар төлж байна гэсэн. Энэ асуудал дээр тооцоо хийж үзсэн. Эцсийн худалдан авагчид руу тасалбарын үнэ дээр гурван хувийн хөнгөлөлт ирэхээр байгаа. Ингэхдээ дотоодын нислэгийн НӨАТ татвар, онгоцны түрээсийн НӨАТ-аас чөлөөлөх асуудал, нисэх үйлчилгээний газрын үйлчилгээний НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хөндсөн" гэлээ.