Иргэд эрх баригчдаас шударга ёсыг нэхээд багагүй хугацаа өнгөрлөө. “Нүүрсний хулгай”-гаар шүгэл үлээсэн Засгийн газар нөгөө талд нь шүүхээс шударга шүүлт шаардаад бас л багагүй хугацааг өнгөрүүлж байна. Ер нь шүүх дээр авлига албан тушаалын хэргийг гацаадаг. Шударга бусаар шийдвэрлэдэг гэх асуудал өнгөрсөн хугацаанд багагүй яригдсан юм. Тэгвэл шүүх болон гүйцэтгэх засаглал хоёрын асуудал өнгөрсөн өдрүүдэд өндрийг авах шахсан байна.
Тодруулбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд халдсан гэдэг үндэслэлээр Дээд шүүхийг Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Гэвч хуралд оролцсон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээгүй аж. Хэрвээ дэмжигдсэн тохиолдолд Дээд шүүх хүсэлт гаргаж, уг асуудлыг Цэцээр хэлэлцэж, дээрх хоёр албан тушаалтныг огцруулах асуудал хөндөгдөх байв. Магадгүй Цэцээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж дүгнэвэл тус бүрийн үүрэг ажлаас нь огцруулах үндэслэл болох учиртай. Сануулахад, Ц.Нямдоржийг ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2007 онд УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулж байсан билээ.
ШЕЗ-өөс Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдыг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгай"-тай холбоотой асуудлаар шаардлага тавьж буй иргэдтэй уулзахдаа, "...Хамтдаа шүд цавчилгүй шүүх засаглал хэрхэн энэ хэргүүдийг шийдэхийг харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч гэсэн шахаж ажилла. Шүүгч нарыг бид хамтдаа шахаж ажиллах болно. Энэ жагсаалыг харж буй шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд ээ. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн чинь бухимдаад өөрийнхөөрөө тэр луйварчдыг гэсгээх нь байна шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэж хэлсэн.
Мөн 2023 оны 2 дугаар сард МҮОНТВ-гээр "...Энэ асуудал бүгд шүүх дээр байгаа. Үүнийг яаж шийдэхийн нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийгээд явчихдаг юм билээ. Хамгийн гол нь шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу, шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны удирдлагууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй. Шүүхэд тал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс байна. Талд нь Х.Баттулгынх одоо хүртэл байна" гэж ярьсан үйлдлүүд нь шүүхэд илтэд нөлөөлсөн. Шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж хөндлөнгөөс оролцсон гэж үзэхэд хүргэсэн аж.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд Д.КёкүюшзанБатбаярын хэрэг дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тайлбар өгөхдөө "Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Хэргүүдийг Д.КёкүюшзанБатбаярын хэрэг шиг шийдээд байвал хэцүү. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуул би Шүүхийн сахилгын хороонд хандана гэж бодож байгаа" гэж мэдэгдсэн.
Мөн Ерөнхий сайдыг E-Business платформын үеэр "Шүүх дээр байгаа хэргүүдийг он сараар нь сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан баяраа жинхэнэ авилгачдад гаргахыг нь харцгаахгүй юу" гэх зэрэг мэдээллүүдийг олон нийтэд түгээж шүүхийн нэр хүндэж халдаж, шүүхэд нөлөөлөх гэж оролдсон гэж үзжээ.
Тиймээс Шүүхийн тухай хуулийн 73.2 дахь заалтыг үндэслэн хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг тус хуулийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзэж асуудлыг хэлэлцжээ. Шүүхийн тухай хуулийн 73.2-т "Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ" гэж заасан. Харин 44.1 дэх хэсэгт "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" гэж заасан байдаг юм.