Хамгийн их хэл амтай, дуулиан шуугианаар тасраагүй тойрог бол Хан-Уулынх юм. Анх нэр дэвшигчдийнхээ нэрийн жагсаалтаас эхлээд л маргаан дагуулсан байдаг. Тухайлбал, “шарк” Г.Амартүвшин, МАН-аас тэрслэн гарч, УИХ-ын гишүүнээс түдгэлзэж, “Нямка”-гийн эсрэг боссон Н.Номтойбаяр, хамгийн царайлаг бие даагч А.Галбадрах, Ковидын эсрэг амжилттай тэмцэгч Д.Сарангэрэл, ХҮНамын генсек Т.Доржханд, экс Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Беркли-Эрхэмбаатар гээд л... Эдний дотроос Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Т.Доржханд нар сонгогдлоо.
Мөнөөх л МАН-ын давуу байдлаар дууссан хэдий ч 3 мандатын нэгийг ХҮН авсан нь тус эвслийн хувьд цор ганц ялалт байв. Ялах магадлалтай гэж найдлага тавьж байсан 22 дугаар тойрогтоо Зөв хүн электорат эвслийн П.Наранбаяр гарч чадсангүй.
Сонгуулийн үед тус тойргийн Н.Номтойбаярыг шоронд хууль бусаар хорьж, “Шарк” Г.Амартүвшинг гадаадын давхар иргэншилтэй хэмээн нэр татахыг шаардаж Монгол даяар хамгийн их анхаарал татсан тойрог байсан билээ.
Ялалт байгуулагчдын араас МАН-ын Ж.Алдаржавхлан, АН-ын Б.Түвшин, бие даагч Н.Номтойбаяр, Ж.Эрхэмбаатар нар саналын тоогоор жагссан юм.