Монгол улсын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулж байна. Харин нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын хувьд хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, дахин боловсруулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох чиглэлд жинтэй арга хэмжээ авах шаардлагатай нүүр тулжээ. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт "Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. Энэ үеэр бид "Тогтвортой хөгжлийн гүүр" ТББ-ын тэргүүн Д.Өлзийбилэгтэй ярилцлаа.
-Юун түрүүнд "Хогны хувьсал 2023 экспо" үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Европын холбооны Свич-Эйжиа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл нь хэрэгжиж буй. Үүний хүрээнд өнөөдрийн энэхүү үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Үүний хүрээнд бид хог хаягдлыг хэрхэн бууруулах вэ, хэрхэн ашиглах вэ, дахин боловсруулах уу, хэрхэн сэргээн засварлах вэ, хог үүсгэхгүй байх боломжтой эсэхийг иргэд олон нийтэд ойлгуулахыг зорьсон байгаа.
Бид өөрсдөөсөө эхэлж өөрчлөлтийг хийе. Тэгэхгүй бол бие биенээ хараад хойшлуулаад байж болохгүй. Тиймээс "Яг одоо өөрчилье" гэдэг уриан дор энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.
-Цаашид энэхүү арга хэмжээ зохион байгуулагдах уу?
-Цаашид төсөл үргэлжилсэн ч бай үгүй ч бай жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Түүнээс гадна энэхүү үзэсгэлэнд гарын дорх бүхий л материалыг ашиглан бүтээл урласан байна мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан уран бүтээлчид маань уран бүтээл хийж байна. Мөн хууль сахиулан байгууллага, сургуулиудтай хамтран ажиллаж байна.
-Өнөөдрийн арга хэмжээнд нийт хичнээн байгууллага оролцож байна. Мөн байгууллагуудын зүгээс энэхүү арга хэмжээнд оролцохдоо ямар байр суурийг илэрхийлж байна?
-30 гаруй байгууллага оролцож байна. Арга хэмжээнд оролцож буй байгууллагууд маань өөрсдийгөө таниулах, үйл ажиллагаанд нэгдэх сонирхолтой байна.
-Тус арга хэмжээний үр дүн ямар байна гэсэн хүлээлттэй байна. Зорьж ирж буй иргэд болон оролцож буй байгууллага, хувь хүн бүгд юуг олж хараасай гэж хүсэж байна вэ?
-Хог гэж бодсон бүхэн хог биш юм гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. Тиймээс хөрсөнд хаягдсан хогийг хамгийн бага хэмжээнд хүргэх зорилготой.
-Цаашид ямар ажлууд үргэлжлэх вэ?
-Төсөл маань гурван жил үргэлжилсэн. Энэ хугацаанд маш олон сургалт орсон. Тиймээс сургалт орсон байгууллагуудтайгаа илүү хамтарч ажиллана гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.