УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах талаар хэлэлцэж буй.
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эхлүүлж, 2 дугаар шугам болох Яармаг Шинэ хотын захиргаанаас Хархорин автобусны буудал хүртэлх 4,2км дүүжин замыг 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ийн гишүүн Б.Бейсен дараах асуултыг асуусан юм.
"Нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 4,2 км дүүжин зам барина гэж байна. Энд хэдэн дүүжин кабейн явуулах вэ. Мөн хичнээн хүний багтаамжтай вэ. Түгжрэлийг хэдэн хувь бууруулах вэ. Түүнээс гадна метроны асуудлаар огт яригдахгүй байна. Ядахдаа Улаанбаатар хотын хоёр чиглэлээр нэмэх хэлбэрээр метро барих асуудал яригдсан уу" гэв.
Үүнд, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах хариултыг өглөө. Тэрбээр,
"Дүүжин тээврийн тухайд сүүлийн гурван жил зогсонги байдалтай байна. Төслийн талаар олон нийтийн дунд эргэлзээ гарч мөн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төсөл зогссон байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагуудтай ярилцсан гэрээ хэлэлцээрээ заавал хийдэг байх ёстой гэдгийг илэрхийлж байгаа.
Миний хувьд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэх нь манай түгжрэлийг бууруулгахад ач холбогдолтой. Дэлхийн бүхий л хотууд түгжрэлтэй тэмцэж байна. Манайд хот төлөвлөлт нэгдсэн бодлогогүй байснаас үүдэн асуудал гарч байгаа. Тиймээс дүүжин тээврийг хамгийн боломжит шугам буюу II шугамыг сонгон авч, ирэх онд ашиглалтад оруулна гэдэг тохиролцоо хийгдсэн.
Мөн энэхүү тээвэр нь цагт 1200-1500 хүнийг тээвэрлэнэ гэсэн тооцоо бий. Дотроо халдаг суудалтай 15-20 хүний суудалтай, нийтийн тээврийн чиглэлээр ажиллах боломжтой Францын судалгаа юм.
Харин метроны асуудал дээр гэвэл Энхтайваны өргөн чөлөөн доор хийхталаар яригддаг ч ойр орчмын барилгад сөрөг нөлөөтэй гэж үздэг. Манай Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хувьд метрог үгүйсгэх зүйл байхгүй. Гаднын мэргэжилтнүүдтэй ярилцахад метрог тасралтгүй 4 жил барьж байгуулна мөн 3 тэрбум ам.доллар хүрэх юм билээ. Тиймээс мероны асуудлыг авч хэрэгжүүлэхээс илүүтэй нийтийн тээвэр болон дүүжин тээврээ шийдэх хэрэгтэй" гэлээ.