Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Засгийн газраас автозамын түгжрэлийг бууруулах ажлын явцтай 7 хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 2 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан юм.

Тэрбээр "Дэлхийн хотуудын хувьд авто замын түгжрэл томоохон сорилт болж байна. Авто замын түгжрэл нь үүсч буй шалтгаан нөхцлөөсөө үл хамааран нийгмийн хөдөлмөрийн бүтээмж ба иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байдаг. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-с 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8,9-10,8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна.

Улаанбаатар хотыг “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулан автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд Авто зам, Нийтийн тээвэр, Хот байгуулалт, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 багц арга хэмжээг төлөвлөсөн. Эдгээр төсөл, арга хэмжээ нь 837.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 96 хувь буюу 803.5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2022 онд санхүүжүүлэхээр төсөвлөгдсөн 411.8 тэрбум төгрөгөөс 65 хувь буюу 269.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнээс 33 хувь буюу 138.3 тэрбум төгрөгийг он дамжуулан санхүүжүүлнэ.

2023 оны хувьд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр 15.1 тэрбум төгрөг, гол гудамж замын бүтээн байгуулалтад 29.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Улсын төсвийн тухайд нийт 408.0 тэрбум төгрөгийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-ны даргын багцад тусган баталсан.

Нийслэл Улаанбаатар хотод авто зам шинээр барих, өргөтгөх шинэчлэх ажлыг Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу авто замын түгжрэлийг бууруулахад үзүүлэх нөлөөллөөр эрэмбэлэх оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч авто машины түгжрэл 9 хувиар бууруулахаар тооцсон.

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай байгаа тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь нэн тэргүүний асуудал бөгөөд түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний суурь нөхцөл юм.

Тиймээс 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад энэ онд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 318.0 тэрбум төгрөг батлагдаад байна. Одоогоор автобус худалдан авах гэрээний хүрээнд энэ оны 06 дугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна.

2024 онд нийтийн тээврийн парк шинэлэлтийг 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гарган, урсгал зардал болон агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний сувгийн хамт ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх юм" гэлээ.

Г.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна
Г.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн засаглалыг сайжруулж, удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.