МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын намын даргын Хэвлэлийн төлөөлөгч Ө.ЗОЛБАЯР: Санал авахад нэг өдөр үлдээд байгаа энэ үед зарим нам эвслүүдийн зүгээс аман хэлбэрээр иргэдийг төөрөглдүүлэхээр худал мэдээллийг тараах үйл ажиллагаа явагдаж байна.Иймд иргэд сонгогчид Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ мэдээлэлд итгээрэй гэж хэлмээр байна.
Иргэд саналаа өгч байх явцад таныг хэнд санал өгч байгааг таниас өөр хэн ч мэдэх боломж байхгүй. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар өөрийнхөө саналын хуудсан дээр хэн хэний нэрийг дугуйлж байгаагаа зураг авч нотлох үйлдэл хийвэл өндөр мөнгөн дүнгээр торгуулах хуулийн зохицуулалттай байгаа.
2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгууль маш онцлогтой болж байгаа. Дахин сануулж хэлэхэд Ерөнхий сайдаа сонгох сонгууль болж байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс иргэд сонгогчид та бүхэн саналаа мэргэн зөв хийгээсэй, дээрээс нь хууль бус суртал ухуулга аман яриа, цуурхалд итгэхгүй байж албаны мэдээлэлдээ итгээрэй. Хүчээ нэгтгэж саналаа өгөхийг иргэд олон нийт та бүхэндээ уриалж байна.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.БАЯРБААТАР: Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд хийгдсэн сурталчилгааг дүгнэхэд МАН Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 суманд нэгдсэн удирдлага, нэгдсэн зохион байгуулалттайгаар ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэлгүйгээр сонгуулийн сурталчилгаагаа амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Ардчилсан намын хувьд харлуулсан 21 хоног өнгөрлөө. Анхнаасаа сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш худал гүтгэлэг, янз бүрийн эвлүүлэг зэрэг зүйлүүдийг манай нам дэвшигчид рүү дайрч, давшилсан байдлаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн.
Сүүлдээ бүр үр хүүхдээ бохир улстөрд татан оролцуулж байна. Өчигдөр үдээс хойш Зон олны намын генсек Э.Одбаяр гэх этгээд МАН-ын байр руу ирж улаан будаг цацаж эсэргүүцэл илэрхийлсэн. Энийг МАН-ын 200 мянга гаруй гишүүд, зуун мянга гаруй дэмжигчдийг доромжилсон үйлдэл гэж үзэж байгаа. Иймд МАН-ыг дэмжигчид, иргэд сонгогчдоос уучлалт гуйхыг шаардаж байна.
Сүүлийн үед Ардчилсан нам хуулийн хэрэгжилт гэдэг зүйлийг тоохоо больсон. Өчигдөр өглөөнөөс хойш эхлээд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн АН-ын гишүүд хэтрүүлсэн хэмжээгээр сонгуулийн сурталчилгааны самбаруудыг байршуулсан үйлдэл гаргасан. Мөн Увс аймагт нэр дэвшигч Жавхлан сонгуулийн хаалтан дээрээ дуу дуулж сонгуулийг хуулийг илтэд зөрчсөн үйлдлүүдийг гаргасан.
Сонгуулийн сурталчилгаа хаагдсан цагаас эхэлж төрийн эрх барих дээд байгууллагад хууль бусаар гарахыг санаархсан үйлдлүүд ихээр гарлаа. Олон зуун сая, их наяд төгрөгийг тараахаар бэлтгэж сүүлдээ гадаад валютыг хүртэл тараах үйлдлүүд ихээр гарч байна. Одоо үлдсэн ганцхан өдрийн хугацаанд ямар нэгэн хуулийн зөрчил үйлдэхгүйгээр сонгуульдаа цэврээр өрсөлдье гэж АН-ынханд хариуцлагатай сануулж хэлье.
Б.Жаргалмаа